КОМПАНИЙН ӨРИЙГ ХУВЬЦААГААР СОЛИХ ТУХАЙ
Компанийн хувьцаанаас бусад үнэт цаас болон өрийг хувьцаагаар сольж болох бөгөөд үүнийг өрийг хувьцаагаар солих гэнэ. Компанийн өрийг хувьцаагаар солиход зээлдүүлэгч болон бусад харилцагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол компанийн өрийг хувьцаагаар солиход хувьцаа авах тухайн зээлдүүлэгч, харилцагчийн зөвшөөрлийг авсан байх ба төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийн өрийг хувьцаагаар солих тухай төсөл боловсруулан хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлүүлэхээр Компанийн тухай хуульд заажээ.
Мөн өрийг хувьцаагаар солих тухай төсөлд хувьцаагаар солих өр, гаргах хувьцааны хэмжээ, үнэ, зорилго, хэрэгжүүлэх нөхцөл, журам, компанийн дүрэмд оруулах өөрчлөлт зэргийг зааж өгсөн байх бөгөөд компанийн өрийг хувьцаагаар солихоор нэмж гаргасан хувьцааг хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхтэй байна.
Харин хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг буюу хувьцаанд хөрвөх үнэт цаасыг тэдгээрийн хөрвөх нөхцөлийн дагуу хөрвүүлэхийг компанийн өрийг хувьцаагаар сольсонд тооцохгүй.
Өрийг хувьцаагаар солиход дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
-Өрийг хувьцаагаар солих тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр;
-Өрийг хувьцаагаар солих төсөл /гаргах хувьцааны хэмжээ, үнэ зорилго, хэрэгжүүлэх нөхцөл, журам, компанийн дүрэм болон бусад баримт бичигт оруулах өөрчлөлт г.м /;
-Компанийн тухай хуулийн 25.6-д заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх авсан арга хэмжээ;
-Зээлдүүлэгч, харилцагч нь өрийг хувьцаагаар сольж байгаа тохиолдолд тэдгээрийн зөвшөөрөл;
-Өр үүсэснийг батлах анхан шатны баримт;
-элсэлтийн хураамж төлсөн баримт;
Компанийн өрийг солих шийдвэрийг хувь нийлүүлэгчдийн хурлаас хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхи буюу 2\3-н саналаар гаргана. Ингэхдээ Компанийн тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.3-т зааснаар компанийн өрийг хувьцаагаар солих буюу хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтооно. Харин төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн өрийг солих тухай шийдвэр гаргах эрхгүй байна.