ТА ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ АМРАЛТАА АВАХ ГЭЖ БАЙНА УУ...

1/ Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх яаж үүсдэг вэ?

   Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 –д зааснаар  жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх тэтгэмжийг авах эрх үүснэ.

   Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

2/ Жирэмсний болон амаржсаны амралттай байх  хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн төлдөг вэ?

   Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйлд зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалдаг. Ийм учраас Жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар (хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран 11, 12, 13 хувиар) тооцож сар бүр даатгалын зохих санд төлнө.          

3/ Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацаа, жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох

    Заавал даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 100 хувиар тооцож тэтгэмжийн даатгалын сангаас 4 сарын хугацаанд олгоно.

     Харин сайн дурын даатгуулагч эхийн хувьд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар тооцон мөн 4 сарын хугацаанд тэтгэмжийн даатгалын сангаас олгоно.

      Жирэмсний болон  амаржсаны тэтгэмжийг бодохдоо дараах баримт бичгийг үндэслэн олгодог.

  • Эмнэлгийн хуудас
  • Нийгмийн даатгалын дэвтэр

     Заавал даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсыг байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд авчирч өгөх бөгөөд уг ажилтан нь тухайн даатгуулагч эхийн шимтгэл төлж ажилласан хугацааг тодорхойлон бичиж удирдах албан тушаалтнаар гарын үсэг зуруулан, баталгаажуулж нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч тухайн даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж дараах аргачлалын дагуу тэтгэмжийг бодож олгоно.