ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

   Энэ хуулийн зорилго нь тэтгэврийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийж, тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-д тусгасан зорилтыг хэрэгжүүлэхэд оршино.  Хүн амын насжилт, эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй тохиолдож болзошгүй тэтгэврийн даатгалын сангийн ирээдүйн алдагдал, нэрийн дансны тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих тохиолдолд шаардагдах шилжилтийн зардлыг тус тус санхүүжүүлэх зорилгоор тэтгэврийн нөөц сан байгуулах шаардлагатай болсон гэж хууль санаачлагчид үзжээ.

   Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм. Харин 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо нь үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүснэ гэж тооцжээ. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн бол  ахмад настны тоо 21,9 хувиар буюу илүү хурдацтай өссөн байна. Монгол Улсын хувьд ирээдүйн тэтгэврийн нөөц санг орон сууцны ипотекийн зээлийн одоогийн бий болсон хуримтлал /1.8 их наяд төгрөг/ дээр үндэслэн байгуулж, орон сууцны болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бизнесийн ипотекийн зээлийн тогтолцоогоор дамжуулан урт хугацааны, тогтвортой хуримтлалтай болж, улмаар 2030 оноос эхлэн хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоондоо шилжих нь манай улсын хувьд хамгийн оновчтой хувилбар гэж тооцсон байна.

   Ирээдүйн нөөц сангийн тухай хуульд зааснаар уг сангийн хөрөнгө, орлого нь дээр дурдсанчлан дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:

·         Монголбанкнаас шилжүүлсэн орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас;

·         Орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон зээлийн шаардах эрх;

·         Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны үндсэн төлбөр;

·         Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны хүүгийн орлого;

·         Ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар банкинд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр;

·         Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас худалдсаны орлого;

·         Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас барьцаалсан зээлийн эх үүсвэр;

·         Улсын төсвөөс хуваарилсан мөнгөн хөрөнгө;

·               Гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл, тусламж зэрэг юм. Харин сангийн хөрөнгийн удирдлагын Засгийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр Монголбанк хэрэгжүүлэх юм байна.

   “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай” хууль дөрвөн бүлэг, есөн зүйлтэй бөгөөд энэхүү хууль нь дараах асуудлуудыг чухалчлан тусгажээ. Үүнд:

-          Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль тогтоомжийн зохицуулалт;

-          Хоёрдугаар бүлэгт ирээдүйн тэтгэврийн нөөц сан, түүнийг бүрдүүлэх эх үүсвэр, сангийн хөрөнгийн удирдлагын асуудал;

-          Гуравдугаар бүлэгт сангаас хийх хөрөнгө оруулалт, сангийн зарцуулалт, Сангийн төсвийн төслийг батлах, сангийн үйл ажиллагааг тайлагнах тухай асуудал;

-          Дөрөвдүгээр бүлэгт хууль хүчин төгөлдөр болох хугацаа, зэргийг тусгасан байна.

   Хуульд хэзээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх талаар нарийвчлан заагаагүй тул Төрийн албан ёсны хэвлэлд хэвлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.