ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЯЛ ОНОГДУУЛАХ

   Монгол улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэ удаагийн мэдээллээр тус хуульд тусад нь бүлэг болгож оруулсан Хуулийн этгээдэд ял оногдуулах талаарх мэдээллийг хүргүүлж байна.

   Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар хуулийн этгээд хариуцлага хүлээх талаар зохицуулалт байдаггүй, зөвхөн хувь хүн хариуцлага хүлээдэг байсныг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг хуулийн этгээдийг төлөөлөн, түүний нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол тухайн хүнийг ялаас чөлөөлж, хуулийн этгээдэд ял оногдуулах бөгөөд энэ үйлдэлд нь өөр гэмт хэргийн шинж байвал тэр үйлдэл, эс үйлдэхүйд ял оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан байна.

   Тус хуулийн 9 дүгээр бүлэгт Хуулийн этгээдэд ямар төрлийн ял оногдуулах талаар зохицуужээ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн төрлөөс хамааран хуулийн этгээдэд торгох, эрх хасах, татан буулгах ялыг оногдуулна.

   Торгох ял: Арван мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдэд торгох ял оногдуулна. Нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байна.

   Эрх хасах: Нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, эсхүл эрх хасах ял оногдуулна.

   Татан буулгах: Хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд хөрөнгө, орлогыг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хөрөнгийг улсын төсөвт шилжүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

1. Хуулийн этгээдэд дараах төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд торгох ял оногдуулна. Үүнд:

Ø  Зах зээл дэх монополь, давамгай байдлаа хууль бусаар ашиглах;

Ø  Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх;

Ø  Татвар төлөхөөс зайлсхийх;

Ø  Патент, зохиогчийн эрхийг хулгайлах;

Ø  Зориуд, зохиомлоор дампуурах;

Ø  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх;

Ø  Байгалийн тэнцэл алдагдуулах;

Ø  Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх;

Ø  Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийх;

Ø  Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах;

Ø  Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих.

2. Хуулийн этгээд дараах төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд торгох болон эрх хасах ял оногдуулна. Үүнд:

Ø  Хууль бусаар үр хөндөх;

Ø  Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх;

Ø  Мөнгө угаах;

Ø  Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах;

Ø  Үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, арилжаанд оролцох;

Ø  Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах;

Ø  Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших;

Ø  Галт зэвсэг хууль бусаар бэлтгэх;

Ø  Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах;

Ø  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах;

Ø  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах;

Ø  Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах;

Ø  Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях;

Ø  Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх;

Ø  Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах;

Ø  Хууль бусаар эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх; импортлох, худалдах, түгээх;

Ø  Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх;

Ø  Байгаль орчныг бохирдуулах;

Ø  Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох;

Ø  Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах;

Ø  Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах;

Ø  Хууль бусаар ан агнах;

Ø  Хууль бусаар мод бэлтгэх;

Ø  Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх;

Ø  Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах;

Ø  Террор үйлдэхийг санхүүжүүлэх.

3. Хуулийн этгээд дараах төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд татан буулгах ял оногдуулна. Үүнд:

Ø  Террор үйлдэх;

Ø  Террор үйлдэхэд бэлтгэх.