ТАНАЙ ГЭР БҮЛ ХҮҮХЭД ҮРЧЛЭН АВАХЫГ ХҮСЧ БАЙВАЛ...
Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт Хүүхэд үрчлэх талаарх эрх зүйн харилцааг зохицуулсан байдаг. Харин Гадаадын иргэн Монгол улсын харьяат хүүхэд үрчлэн авахтай холбоотой харилцааг Гэр бүлийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-58.10 дахь заалтууд, Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай олон улсын конвенц, Хууль зүй дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны 100/32 дугаар тушаалаар баталсан “Гадаадын иргэнд Монгол улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам” зэрэг баримт бичгүүдээр зохицуулж байна.
Та дараахь материалыг бүрдүүлэн хүүхдийн оршин суугаа газрын ЗДТГ-т хандаж хүсэлтээ гаргана.
Үрчлүүлэгч талын бүрдүүлэх материал:
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Төрсний гэрчилгээний лавлагаа
- Баг, хорооны засаг даргаар цохуулж нотариатаар батлуулсан эцэг, эх/ асран хамгаалагчийн өргөдөл
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх /нотариатаар батлуулсан байх/
- 7 нас хүрсэн бол хүүхдийн өөрийнх нь зөвшөөрөл
- Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа бол тухайн хүүхдийн байгууллагын зөвшөөрөл /хүүхэд үрчлэх, үрчлүүлэх эрх бүхий асран хүмүүжүүлэх байгууллагад хамаарна/
Үрчлэн авагч талын бүрдүүлэх материал:
- Өргөдөл /нотариатаар батлуулсан байх/
- Гэрлэлтийн гэрчилгээ /нотариатаар батлуулсан байх/
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх /нотариатаар батлуулсан байх/
- Эрүүл мэндийн хуудас /сүрьеэ, ДОХ, сэтгэц, арьс өнгөний өвчинтэй эсэх талаарх эмнэлгийн тодорхойлолт/
- Цагдаагийн ерөнхий газрын буюу орон нутгийн цагдаагийн байгууллагын тодорхойлолт
- Эцэг, эх болох хүмүүсийн зан байдал, өрхийн орлогыг тодорхойлсон албан байгууллага буюу оршин суугаа баг хорооны тодорхойлолт
Дараахь тохиолдолд хүүхэд үрчилж авахыг хориглоно:
- 60-аас дээш настай /хэрвээ хүүхэд бүтэн өнчин бол энэ насны хязгаарыг харгалзахгүйгээр төрөл садны хүнд үрчлүүлнэ/
- Эцэг, эх байх эрхээ хасуулсан, хязгаарлуулсан буюу хасуулж, хязгаарлуулж байсан
- Урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн
- Ашиг хонжоо олох зорилготой
- Сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг
- Эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүн
- Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэр бүл
Бүрдүүлсэн материалыг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор шийдвэрлэж иргэнд хариу мэдэгдэж бичиг баримтыг олгоно.