МОНГОЛ УЛСЫН БААТАР, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БОЛОН ГАВЬЯАТ ЦОЛТОН АХМАД НАСТАНД ТӨРӨӨС ОЛГОХ НЭМЭГДЛИЙН ТУХАЙ

Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль нь 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн байна.

 

            “Төрөөс олгох нэмэгдэл” гэж энэ хуульд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэнд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна төрөөс сар бүр олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно.

 

            Нэмэгдэл авах эрх яаж үүсэх вэ?

 

            Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цол хүртсэн ахмад настан төрөөс олгох нэмэгдэл авах эрхтэй.

 

            Төрөөс олгох нэмэгдлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлттэй уялдуулан Улсын Их Хурал нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоож болно.

 

            Нэмэгдэл авахыг хүсэгч нь дараах баримт бичиг бүрдүүлнэ:

 

  • нэмэгдэл авахыг хүссэн өргөдөл;
  • иргэний үнэмлэх;
  • Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолны үнэмлэх.

 

            Нэмэгдлийг ахмад настанд өргөдөл гаргасан өдрөөс эхлэн олгоно. Мөн нэмэгдлийг тухайн ахмад настны хүсэлтээр улирлын болон жилийн эцэст олгож болно.

            Нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага ахмад настны хүсэлтээр нэмэгдлийг өөрийнх нь хадгаламжийн дансанд шилжүүлж болно.

             

            Нэмэгдлийг зогсоох, нөхөн төлүүлэх:

 

            Нэмэгдэл авдаг ахмад настан нас барвал нэмэгдлийг нас барсны дараагийн сар дуустал олгоно. Харин хуурамч бичиг баримт бүрдүүлж нэмэгдэл авсан нь тогтоогдвол түүний олголтыг зогсоож, олгогдсон нэмэгдлийг нөхөн төлүүлнэ.

            Дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн ажилтны буруугаас илүү олгогдсон нэмэгдлийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн журмаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.

 

            Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтой ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.