Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асарч байгаагаараа төрөөс ямар нэгэн мөнгөн тэтгэмж авах уу?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асарч байгаагаараа төрөөс ямар нэгэн мөнгөн тэтгэмж авах уу?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж хэнийг хэлэх вэ? 
Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь бусад төрлийн бэрхшээлтэй нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг "хөгжлийн бэрхшээлтэй" гэж ойлгоно.


Иргэний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг хэн тодорхойлох вэ? 
16-н нас хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комисс тогтооно. 
16 нас хүрсэн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг аймаг, дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

Ямар нөхцөлд байдал бий болсоор хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрхтэй болох вэ? 
1.    Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16-н нас хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон 16 нас хүрсэн иргэн.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асарч байгаагаараа төрөөс ямар нэгэн мөнгөн тэтгэмж авах уу?
Эрхтэй та дараах нөхцөлд нийгмийн халамжийн сангаас мөнгөн тэтгэмж авах эрхтэй
А. Тэжээн тэтгэх хүүхэдгүй, төрөл садангийн хүнгүй ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэн, 
Б. Эмнэлгийн хяналтанд байдаг, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаагийн улмаас ажил хийдэггүй, хөдөлмөрийн насны иргэн. 
Эдгээр нөхцөлд мөнгөн тэтгэмж олгох хугацааг иргэний өргөдөл гаргасан өдрөөс эхлэн тооцож 12-24 сараар тогтооно. 
Тэтгэмж олгох хугацааг сунгах асуудлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ асрамжилж буй иргэний хүсэлт эсхүл сумын ерөнхий эмч, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэсэн сум, хорооны Амжиргааг дэмжих зөвлөлийн саналыг харгалзан сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага шийдвэрлэнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг тухайн хүүхэд нь эмчийн байнгын ханялтанд байх, байнга асруулах шаардлагатай бол хүүхдийг 18 нас хүртэлх хугацаанд олгоно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн талаар үнийн хөнгөлөлт байдаг уу?    
А.18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дотоодод хийлгэсэн протезийн үнийг 3 жил тутам нэг улдаа 100 хувь нөхөн олгоно. 
Б. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протезийн, сэргээн засалтын хөнгөлөт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дотоодод хийлгэсэн протезийн үнийг 5 жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгоно. 
Б.18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй, ядуу амдралтай өрхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг 5 жил дутам нэг удаа 100 хувь хөнгөлнө. 

Байнгын асаргаанд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний амжиргааг дэмжих зорилгоор мөнгөн тусламж үзүүлдэг гэх юмаа тийм хуулийн заалт бий юу? 
Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнд улиралд нэг удаа 30000 төгрөгийн тусламж олгоно. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр тусламж авах бололцоогүй иргэний тусламжийг түүний итгэмжлэгдсэн хүнд өгөх, эсхүл нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгч болно. 
Мөн нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгоно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд түлээ нүүрсний тусламж, хөнгөлөлт үзүүлдэг гэх юм. Өөр ямар ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ? 
А. Бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдлөмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны хөлс төлөхөд хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа 140000 төгрөгийн мөнгөн тусламж олгоно.
Б. Эмчилгээ, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтагаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалтын хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэн эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгоно. 
Бүрэн хараагүй хүн эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчих шаардлагатай болвол ирж, буцах унааны зардлын 75 хувийг жилд нэг удаа нөхөн авна. 
В. Нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгоно. 
Д. 18 насанд хүрсэн бүрэн хараагүй иргэн харилцаа, холбооны зардалд сар бүр 10000 төгрөгийн хөнгөлөлт авна. 
Е. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний тусламж олгоно.