ИХ ХЭМЖЭЭНИЙ ХЭЛЦЭЛ ХИЙХЭД АНХААРАХ ЗҮЙЛС
Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд их хэмжээний хэлцэлд дараах хэлцлийг хамруулсан байна. Үүнд:
1. Тухай компанийн хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл;
2. Компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш хэмжээний энгийн хувьцаа, энгийн хувьцаа авах эрхийн бичиг буюу энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргах, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн гаргалт.
Харин компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй. Тухайлбал, банкны өдөр тутам хийх ажил буюу валютын арилжаа хийх тохиолдолд валютын арилжаа хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй байвал их хэмжээний хэлцэл гэж үзэхгүй.
Компани их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэй буюу 100 хувийн саналаар гаргана. Хэрэв компанийн ТУЗ их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор[1] шийдвэрлэнэ. Их хэмжээний хэлцэл хийх асуудлаар эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй. Түүнчлэн компани нэг өмчлөгчтэй бөгөөд уг этгээд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх тохиолдолд тус компанийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр гаргах замаар уг асуудлыг шийдвэрлэхээр байна.
· Эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох
Компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн /компанийн хувьцаа болон бусад үнэт цаасыг оролцуулан/ зах зээлийн үнэ гэж худалдагч болон худалдан авагч хоёрын харилцан тохиролцсон үнийг хэлнэ.
Их хэмжээний хэлцлийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно. Мөн түүнчлэн зөвшөөрөл бүхий хараат бус үнэлгээний байгууллагын дүгнэлтийг ашиглаж болно.
Их хэмжээний хэлцэлд хяналт тавих, дүгнэлт гаргах эрх бүхий субьект ТУЗ-ийн аудитын хорооны дарга байна. ТУЗ байхгүй тохиолдолд дээрх хэлцэлд хяналт тавих, дүгнэлт гаргах эрх бүхий субьектийг тухайн компани дотоод журмаар сонгох боломжтой.
Их хэмжээний хэлцлийг Компанийн тухай хуульд зааснаар хийгээгүй тохиолдолд Иргэний хуулийн дагуу “хууль зөрчсөн хэлцэл” гэдэг үндэслэлээр хүчин төгөлдөр бус болох үр дагавартай байна. Иймээс их хэмжээний хэлцэл байгуулах гэж буй бүх тал хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг анхаарах нь зүйтэй.
[1] 50-иас дээш хувийн саналаар албан ёсны шийдвэр гарсан тохиолдолд хэрэгжинэ гэж ойлгоно. УДШ 26 тоот тогтоол, 2007 он.