ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ ТУХАЙ

ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ ТУХАЙ

 

Даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дараах байдлаар бодож тодорхойлно.

  • Даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлсийн нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваан,
  • Даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан бол таван жилийн туршид авсан хөдөлмөрийн хөлсийн нийлбэрийг 60-д хуваана.

Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно.

Өндөр насны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл:

Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар өндөр насны тэтгэврийг тогтооно.

Даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно.

 

Өндөр насны тэтгэвэр олгох хугацаа:

Даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно.

Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох:

Дараахь тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно:

  • Авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан.
  • Тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа.
  • Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөри эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан.

Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолоор 2014 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг 2014 оны 15 дугаар тогтоолоор баталсан тэтгэвэр тогтоох цалингийн доор итгэлцүүрээр шинэчлэн тогтооно:

Үүнд:

Он

Итгэлцүүр

1990 он ба түүнээс өмнөх он

715,0

1991

358,0

1992

188,0

1993

76,0

1994

46,0

1995

18,1

1996

14,3

1997

11,3

1998

8,70

1999

7,60

2000

5,80

2001

5,00

2002

4,40

2003

3,82

2004

3,29

2005

3,01

2006

2,51

2007

1,88

2008

1,33

2009

1,24

2010

1,10

2011

1,00

 

Дээрх итгэлцүүрээр шинэчлэн тогтоосон тэтгэврийн хэмжээ нь одоо авч байгаа тэтгэврээс буурахаар бол урьд авч байгаа тэтгэврийг нь өөрчлөхгүй.