КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР

Концессын эрх зүйн зохицуулалт:

   Монгол улсын Их хурлаас 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Концессын тухай хуулийг баталсан. Хуулиар төрийн болон орон нутгийн өөрийн эд хөрөнгийг концессын гэрээгээр хөрөнгө оруулагчид олгох уралдаант шалгаруулалт явуулах, концессын гэрээ, түүнийг байгуулах, өөрчлөх, дуусгавар болгох, маргаан хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.  (Концессын тухай хуулийн 1.1 дэх хэсэг)

Концессын тухай ухагдахуун:

   Концесс гэдэг нь төрийн эсхүл орон нутгийн өөрийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрх юм. (Концессын тухай хуулийн 3.1.1 дэх заалт)

Концессын төрөл:

1.        “Барих-ашиглах-шилжүүлэх”

2.       “Барих-шилжүүлэх”

3.       “Барих-өмчлөх-ашиглах”

4.       “Барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх”

5.       “Барих-түрээслэх-шилжүүлэх”

6.       “Зураг төсөл боловсруулах-барих-санхүүжүүлэх-ашиглах”

7.       “Шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” гэсэн төрлүүдтэй. (Концессын тухай хуулийн 4.1 дэх заалт )

Концесс олгох:

   Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Засгийн газар, орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Ийнхүү баталсан жагсаалтын дагуу уралдаант шалгаруулалт зарлаж, шалгарсан  этгээдтэй эсхүл тодорхой шалгаруулалтгүй шууд гэрээ байгуулах замаар монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд, эсхүл тэдгээрийн нэгдэлтэй гэрээ байгуулах замаар концессыг олгодог. (Концессын тухай хуулийн 4 дүгээр бүлэг)

Концессын санхүүжилт:

   Концессын гэрээний санхүүжилтын эргэн төлөгдөх нөхцөл, хугацаа, барьцаа хөрөнөг шаардах эсэхийг концессын төрлөөс нь шалтгаалан талууд гэрээгээр харилцан тохиролцоно. (Концессын тухай хуулийн  21 дүгээр зүйл)

Концессын өмчлөл:

   Концессын төрлөөс хамааран концессын зүйлийн өмчлөлийн асуудлыг хэрхэн  шийдвэрлэх талаар талууд гэрээгээрээ тохиролцоно. Тухайлбал, “Барих-ашиглах-шилжүүлэх”, “Барих-шилжүүлэх”, “Барих-түрээслэх-шилжүүлэх”, “Зураг төсөл боловсруулах-барих-санхүүжүүлэх-ашиглах”, “Шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” концессуудын өмчлөл нь гэрээний хугацаа дуусахад гэрээнд заасан нөхцлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжих бөгөөд   “Барих-өмчлөх-ашиглах”, “Барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх” концессын хувьд концесс өмчлөгч нь гэрээнд заасан нөхцлийн дагуу, гэрээний хугацаанд  концесс эзэмшигчид хадгалагдана. (Концессын тухай хуулийн 4.1 дэх заалт)