АРХИНЫ ЭСРЭГ ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ
ИРГЭН ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль нь 2000 оны 01 дүгээр сарын 08-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байна. Энэ хуулиар согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулсан байдаг.
Дараахь газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах түүгээр үйлчлэхийг хориглоно:
· Төрийн болон төрийн бус байгууллагын албан байр;
· Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрийн байр;
· Хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг сувиллын газар;
· Оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр;
· Орон сууцны орц хонгил;
· Гудамж, талбай, цэцэрлэг;
· Галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;
· Нийтийн тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт;
Согтууруулах ундаа худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэх талаар тогтоосон журмын биелэлтэд бүх шатны Засаг дарга, Цагдаагийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллага, хэрэглэгчдийн эрх, ашгийг хамгаалах төрийн бус байгууллага хяналт тавьна.
Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, насанд хүрээгүй хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
Дараах хэлбэрээр согтууруулах ундаа сурталчлахыг хориглоно:
· Согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад иет байдлаар гаргах
· 21 нас хүрээгүй этгээдэд согтууруулах ундаа хэрэглэхийг зааж сургах
· согтууруулах ундаа үйлдвэрлэгч нь өөрийн аж ахуйн нэгжийн нэртэй ижил нэрээр нэрлэсэн согтууруулах ундаа үйлдвэрлэх
· согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт эрхэлдэг, согтууруулах ундаа борлуулдаг хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүнийг сурталчлах, нэргийг нь олонд таниулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор соёл, урлаг, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж тэтгэлэг үзүүлэх;
· эд бараа, хувцас, хэрэглээний зүйлд согтууруулах ундаа болон согтууруулах ундааны зураг, нэр, тэмдэг хэрэглэх
· согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах
· 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг явуулах.
Согтууруулах ундаа хууль бусаар үйлдвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, борлуулсан зөрчлийн талаар мэдээллийг төрийн байгууллага иргэнээс төлбөртэй авч болно. Иргэнээс төлбөртэй мэдээлэл авахад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг баримтлан шийдвэрлэнэ.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон газруудад согтууруулах ундааг борлуулсан, хэрэглэсэн бол иргэнийг 10 000-15 000, албан тушаалтныг 45 000- 60 000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилсан байна.