БАРААНЫ ТЭМДЭГ ХЭРХЭН АВАХ ВЭ?

Иргэн, хуулийн этгээд өөрийн ажил, үйлчилгээ, барааг бусад этгээдийн ажил, үйлчилгээ, бараанаас ялгах зорилгоор “Барааны тэмдэг” хэрэглэдэг. Энэ харилцааг “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль” болон  Монгол Улсын олон улсын гэрээ хэлэлцээр (1957 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ниццийн хэлэлцээрээр баталсан “Бараа, үйлчилгээний олон улсын ангилал” гэх мэт)-ээр зохицуулж байна. 
Барааны тэмдэг бүртгүүлэхдээ Монгол Улсын Оюуны өмчийн газарт хүсэлтээ  гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана.  Үүнд:
Хүсэлт 
Мэдүүлэг 
Барааны тэмдгийн дардас (Барааны тэмдэгийн текст ба дүрсний илэрхийлэл)
Ажил үйлчилгээний хураамж төлсөн баримт (эх хувь)
Иргэний цахим үнэмлэх/Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар (нотариатаар гэрчлүүлнэ.)
Монгол Улсын Оюуны өмчийн газар шүүлтийг барааны тэмдгийн мэдүүлгийн анхдагч огноо (мэдүүлэг гаргасан огноо)-оос хойш 9 сарын дотор хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг 6 сар хүртэл хугацаагаар сунгадаг. 
Хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан бол Монгол Улсын Оюуны өмчийн газар барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргаж, түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгоно.
Барааны тэмдэгийн бүртгэл нь 10 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд барааны тэмдэг эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг тухай бүр 10 жилээр сунгаж болно.