БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН  ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

УИХ-аас “банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг” зохицуулахаар 2013 оны 01 сарын 10-ны өдөр “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хуулийг баталсан билээ.

Банкны тухай хуулийн дагуу үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан банк нь хадгаламж эзэмшигчийн хадгаламжийг дээрх хуулийн дагуу хадгаламжийн даатгалд заавал хамрагдан даатгуулж, даатгалын хураамж төлнө.  

Хадгаламжийн даатгалын сангийн удирдлагыг Хадгаламжийн даатгалын корпораци хэрэгжүүлэх бөгөөд энэ нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд юм.

Монгол банк банкийг албадан татан буулгах шийдвэр гаргасан өдрийг даатгалын тохиолдол бий болсон өдөрт тооцно. Даатгалын тохиолдол бий болмогц Монгол банк Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэх үүрэгтэй.

Хуульд зааснаар даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт хадгаламжаас 20 сая төгрөг хүртэлх төгрөгийн хадгаламжийг нөхөн төлөх юм байна.