Монгол Улс “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг батламжилсан жуух бичгийг гардуулав

   НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас зохион байгуулж буй өндөр түвшний арга хэмжээнд оролцож, батламж жуух бичиг гардууллаа.

   НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд болж буй арга хэмжээний үеэр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 31 улс орон батламжилсан бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол Улс байв.

   Одоогийн байдлаар “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 60 улс батламжлаад байгаа бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хэлснээр энэ оны эцэс гэхэд батламжилж дуусан, хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Уг хэлэлцээрийг хүлэмжийн хийгээр дэлхийд тэргүүлдэг Бразил, Мексик, Аргентин тэргүүтэй улс орнууд батлаад байгаа. Хэлэлцээрийг баталсан улс орнууд эрс нэмэгдэж буй дэлхийн дулаарлыг жилд дунджаар хоёроос доош хэмд барихыг зорьжээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN