МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ БУС ИХ ХУРАЛ БОЛНО.

   Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасны дагуу “Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурал”-ыг 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр товлогдлоо.

   2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Монголын Хуульчдын холбоонд 5405 хуульч бүртгэлтэй байгаас 4838 хуульч  мэргэжлийн үйл ажиллагааг идэвхтэй эрхэлж байгаа аж. Эдгээр хуульч нар Их хурлын төлөөлөгчөөр нэрээ дэвшүүлэх эрхтэй ба тухайн нэр дэвшигчид Их хурлын төлөөлөгч сонгох сонгуулийн санал хураалтын цахим системээр дамжуулан 9 дүгээр сарын 26-29-ны өдрийн хооронд санал өгсөн байна.

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д “Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байна.”, Хуульчдын холбооны дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Их хурлын төлөөлөгчдийн тоо нь хурал товлон зарлах шийдвэр гарах үед Хуульчдын холбоонд бүртгэлтэй байгаа нийт гишүүдийн 10 хувьтай тэнцүү байна” гэж заасны дагуу цахим системийн дүнг үндэслэн шүүгчдийн төлөөллөөс 97, прокурорын төлөөллөөс 97, өмгөөлөгчдийн төлөөллөөс 194, бусад хуульчдын төлөөллөөс 97 төлөөлөгч, нийт 485 хуульч Монголын Хуульчдын Холбооны Их Хурлын төлөөлөгчөөр оролцох эрхтэй болжээ.