АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН БАЙРАНД  ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧ  АЖИЛЛАХААР БОЛЛОО

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН БАЙРАНД ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО

Шүүхийн тухай багц хуулийн нэг болох Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 2012 оны 5 дугаар сарын 22-нд батлагдсан билээ. Уг хууль нь 6 бүлэг, 35 зүйлтэй ба хуулиар Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр заасан байна.

Эвлэрүүлэн зуучлалыг шүүхэд иргэний хэрэг, арбитрт маргаан үүсгэснээс хойш хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэж болох бөгөөд хуулийн зохицуулалт эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэггүйгээр зохигчид сайн дурын үндсэн дээр маргаанаа шийдвэрлэх, түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүгчийн үйл ажиллагаанд хамаарахгүй гэж тусгажээ.

Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай шийдвэрлэхэд оршино.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болон хэрэгжиж эхлэх ба хуульд зааснаар анхан шатны шүүх буюу сум, сум дундын, дүүргийн шүүх дээр эвлэрүүлэн зуучлагч ажиллах юм байна.