МОНГОЛЫН ШҮҮХ АЖИЛЛАГААНЫ ТҮҮХЭЭС

   Унгарын сэтгүүлч Лааслуу Фурбат тэртээ 1920-1929 онд Монгол оронд амьдарч байсан Унгарын иргэн Иосеф Гелатагийн түүх болон өөрийн судалгаанд тулгуурлан “Монголд сэтгэл хоргодсон есөн жил”[1] номоо 1934 онд нийтийн хүртээл болгосон байна.

   Иосеф Гелата өөрийн үнэт чулуугаа бусдад өгч алдасны дараа шүүхэд мэдүүлж, хэрхэн шийдвэрлүүлсэн талаар тус номын нэгэн бүлэгт өгүүлсэний зэрэгцээ тухайн үеийн хууль цааз, гэмтэнд үзүүлж буй ял шийтгэл харийн хүний нүдэнд хэрхэн дүрслэгдэж байсныг толилуулж байна.

Авдран шорон, гавтай гар, бас бус зүйлс[2]

   Хэдийгээр таагүй, тунчиг таагүйч гэлээ, цахилгаан станцын дарга Пүрэв найздаа нэг зүйлийг ярихгүй байхын аргагүй боллоо. Хэдэн долоо хоногийн өмнө, барагцаалбал нэг мянган төгрөгийн үнэтэй молор эрдэнэ чулууг засч янзлуулахаар Германы нэгэн очир эрдэнэ өнгөлөгч компанид хаяглаж, шуудангаар явуулж өгөөч гэж Хаалган руу явах жолоочид дайж өгсөн билээ. Үнэ цэнт илгээмжийг Өргөөгөөс гадаад руу явуулах боломжгүй, харин Хаалганаас илгээх нь ямар ч асуудалгүй гэсэн юм. Иймээс энэ замыг сонгож, Хаалганаас шуудангаар явуулъя гэсэн хэрэг. Би түүнд үнэ хөлсийг нь өгч, шуудангийн баримтыг надад заавал авчирж өгөөрэй гэж сайтар захиж хэллээ. Хэдэн долоо хоногын дараа нөгөө жолооч Өргөөд эргэж ирсэн боловч, над дээр ирсэнгүй. Би түүнийг арай гэж олж уулзаад, илгээмж хүлээлгэн өгсөн баримтыг нэхтэл, Хаалганд мартчихжээ гэлээ. Энэ нөхөр худлаа л хэлж байна даа гэх хардлага надад шууд л төрлөө. Ийм учраас одоо би учир начраа олохын тулд яах нь зүйтэй вэ гэж Пүрэв найзаасаа асуусан хэрэг.

“Тэгвэл, түшмэлд л (“түшмэл” гэж монголоор бичээд, “шүүх” гэж мажараар тайлбарлажээ, Орч.) өгөхөөс өөр аргагүй” гэлээ.

   Ингэхээр шийдэж, шүүгчийн гэрт очлоо. Гэрт шүүгчийн туслагч ч ганцаараа таарч, шүүгчийг аваад ирье гээд годхийн гарч одов. Хэдхэн хормын дараа Монголын хууль цаазын төлөөлөгч маань хүрч ирлээ. Гаднаас нь харахад, гойд ялгарах юмгүй, өнөөх л хир даг болсон ноорхой дээлтэй нэгэн байв. Тэрбээр надтай найрсгаар гар барьж мэндлээд, завилан сууснаа, намайг мөн суу гэж заалаа.

“Хэрэг зоригоо хэлээч”.

Би болсон “хэрэг явдал”-ыг хэлж, юмыг яаж мэдэхэв хэмээн, үнэт чулуу хүлээлгэн өгснөө баталгаажуулж, жолоочоор гарын үсэг зуруулж авсан баримтаа үзүүлэв.

   Шүүгч толгойгоо сэгсрэн: “За, за нэг юм бодъё доо” гэлээ. Тэгээд тэрбээр буруутан этгээдийг нэн даруй олж, авчирахыг туслагчдаа даалгав. Ингээд хоёулханаа гэрт үлдлээ. Шүүгч гараараа толгойгоо тулж, их л бодлогоширонгуй баахан суулаа. Над руу харсан ч үгүй, нэг ч үг сольсонгүй. Би ч бас чимээгүй л хүлээж суулаа. Ингээд нэг мөч (15 минут орчим) өнгөрсний дараа туслагч, жолоочийг дагуулан амьсгаадсаар орж ирлээ.

“Энэ байна! гэсээр  туслагч, буруутан этгээдийг авч ирснээ шүүгчид илтгэхэд, шүүгч толгой өндийлгөн сэжигтэн этгээдийг ширүүн харцаар ширвэн харснаа аядуу намуун хоолойгоор гэхдээ бачимдуу өнгөөр ингэж хэлэв:

“Энэ хүний үнэт чулууг шуудангаар явуулсан баримтыг өгөхгүй байгаа учраас чамайг энэ хүн шүүхэд мэдүүлж, гомдол гаргаад байна. Энэ үнэн үү? Үнэн бол, чи яагаад ингэсэн юм бэ?” гэж асуув.

Жолооч амандаа нэг юм бувтнаж, нөгөө л надад хэлснээ давтан хэллээ.

“Битгий худлаа хэлээд бай!” гэж шүүгч зандраад: “Тэр чулууг чи шууданд өгөөгүй л байна шүү дээ” гэж ширүүсэв.

Сэжигтэн этгээдийн хоёр гарыг нь гавлав.

“Би үнэнээ хэлье, тэр чулуу Хаалганд миний танилд байгаа” гэж хоолой чичрүүлэн хэлэв.

“Ичихгүй байна уу, муу золиг! Чамайг ёстой нэг хашираагаад өгнө өө, гайгүй! Чулууг эзэнд нь эргүүлж өгтөл, чамайг шоронд хорино оо, хө” гэлээ.

“Би танаас гуйж байна, намайг өршөөж хайрла, би маргааш олон хүн аваад дахин Хаалган руу явахаар жин тан болчихсон байгаа” гэж гуйж гувшлаа.

“За, яахав явж болно, гэхдээ барьцаа үлдээ, чамайг эргэж иртэл энд байж байг!”. “Та үүнийг зөвшөөрч байна уу?” гэж шүүгч надаас асуув.

“Өөрийн чинь шийдсэнээр болъё” гэж би үнэн сэтгэлээсээ хэллээ. Учир нь, энэхүү товч бөгөөд тодорхой шүүх хуралдаан надад дүрслэн хэлэхийн аргагүй итгэл төрүүллээ.

“За, болж байна” гэж шүүгч хэлээд буруутан этгээд рүү хандан: “Барьцаагаа аваад ир, чиний өмнөөс тэр үнэт чулууг нөхөн төлчих чинээний хөрөнгөтэй хүн байх хэрэгтэй шүү. Яахав, тэр хүнийг чинь хорихоо больё, гэхдээ чамайг эргэж иртэл, хотоос гарч явахыг нь хориглоно шүү. Чи энэ хэргийг, арван тавны шинэ сар гарахаас өмнө нэг мөр дуусгаарай!” гэлээ.

Шүүхийн энэ шийдвэр тун удалгүй шийдэгдлээ. Жолооч заасан хугацаанаас нь өмнө амалснаа биелүүлж, шүүгч дээр очиж, би ч дуудагдаж, шүүгчийн ширээн дээр асгасан үнэт чулуугаа тоолж, тоо ёсоор хүлээж авлаа.

“Чулуу чинь бүгд байна уу?” гэж шүүгч асуув.

Би чулуугаа нягтлан тоолж, бүрэн байгааг хэлэв.

“Энэ нөхрийг би шийтгэх үү?” гэх дараагийн асуултыг шүүгч тавилаа.

“Хэрэггүй дээ” гэж намайг хариулах хооронд жолоочийн хоёр нүд гэм хийж, айсан хүүхдийх шиг тогтворгүй эргэлдэх болой.

“Ял шийтгэлгүй, дүүжлүүрийн модонд цэцэг болчихолгүй өршөөгдсөндөө баярлах хэрэгтэй шүү, чи” гэж шүүгч жолоочид хэлээд: “Дахин хэзээ ч ийм хэрэг хийж болохгүй шүү, ахиж ямар нэг юм гарвал, ямар ч өршөөлгүй гэж мэдээрэй!” гэлээ.

Үүгээр нэг том “хавтаст хэрэг” хаагдсан шүү. Чулуугаа халааслаад гэр рүүгээ баяр баясгалантайяа алхаж явахдаа, хууль цааз сайн хөгжсөн гэгддэг Европт энэ хэрэг хэчнээн их хугацаа авч, бас татвар төлөгчдийн хэчнээн их мөнгө урсах байсан бол доо гэж бодлоо.

[1] Лааслуу Фурбат. “Монголд сэтгэл хоргодсон есөн жил”. УБ., 2015. (Унгар хэлнээс орчуулсан Д.Бат, Орчуулгыг герман, англи хэлний орчуулгатай тулгаж, найруулсан, Ерөнхий редактор, хэвлэн нийтлэгч Б.Баярсайхан) номноос Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасны дагуу хэсэгчлэн авав.  

[2] Лааслуу Фурбат. “Монголд сэтгэл хоргодсон есөн жил”. УБ., 2015. (Унгар хэлнээс орчуулсан Д.Бат, Орчуулгыг герман, англи хэлний орчуулгатай тулгаж, найруулсан, Ерөнхий редактор, хэвлэн нийтлэгч Б.Баярсайхан). 293-299 дүгээр тал.

***

   Монголын шүүх засаглал, дээрх тохиолдол шиг тийм ч болхи бүдүүлэг хараахан биш ээ. Ардын хувьсгалын дараагаар Монголчууд хууль, журмаа голдуу Орос, Английн хуулийн загварт тулгуурлаж, орчин үеийн онолын дагуу боловсруулжээ. Монголд өмнө нь Хятадын (Манжийн, Е.ред.) шүүх засаглал, хуулинд үндэслэсэн зарчмаар ажиллаж байв. Өчүүхэн төдий хэрэг гарлаа ч шаахайдах ял онооно. Гэмт хэрэгтэнд оноосон ялнаас нь хамааруулж, гутлыг нь тайлж, хөлний улыг нь тайлж хөлний улыг нь хулсан саваагаар шаахайдах жишээний. Гэхдээ Европынхонд л жигшүүр төрүүлэм шийтгэл мэт санагдаж байгаагаас болоод, хятадын хууль цаазыг хоцрогдсон гэж бас чиг үзэж болохгүй. Үүний баталгаа гэвэл, 1725 онд Юн Чин (Yung Ching) хаанчлалын үед (Юнжэн эриний үеийн Инжэн Эзэн хаан буюу “Найралт төв хаан”-ыг хэлж байна, Е.ред.) батлагдсан “Хүндэтгэлгүй өрсөлдөөн”-ий тухай хуульд зааснаар: “Худалдаачин хүн хажуудах наймаачныхаа зарж буй наймааг хулгайн нүдээр харж аваад, ижил барааг олж авч, өрсөлдөгчөөсөө доогуур үнээр зарж борлуулж ашиг унагах аваас 40 удаа хулсаар шаахайдаж шийтгэсүгэй” гэжээ. Үүнээс гадна уг хуулинд дээрх замаар олсон орлогыг “шударга бус” хэмээн, хулгайлсантай адил тооцож, албадан хурааж авахаар заажээ.

Хятадын хуулиар оноосон цаазын ял шийтгэл Монголд удаан хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул дараах гурван хэлбэрээр гүйцэтгэдэг байв: толгой цавчих, дүүжлэх эсвэл буудаж алах. Хамгийн хүнд гэмт хэрэгтний толгойг цавчин тасдаж аваад, саваа модны үзүүрт өлгөж, олон хөлийн газарт үзүүлэн болгож, харин ар гэрийнхэнд нь зөвхөн толгойгүй үхдлийг л буцааж өгдөг ажгуу. Энэ бол шашны ёсны заншлаар хамгийн гутамшигт үйлдэл болно.

Эцгийгээ эсвэл авааль нөхрөө алах, мөн “Эзэн хааныг алахыг завдах эсвэл урван тэрслэх тохиолдолд “лин чи” (ling chi) буюу “талхидан тамлаж алах” гэгч дөрөв дэх цаазын ялыг хэрэглэх болой. Энэ ял шийтгэлээр бол, ялтанг хүллэгийн шонд барьж хүлээд, хөлийн хажууд нь янз бүрийн тэмдэглээтэй хутга балиус дүүрэн сагс тавина. Цаазын ял гүйцэтгэгч зандалчин сагстай хутгаас таамгаар нэгийг авч, тэмдэглэгээг нь харж, заасан биеийн хэсэг рүү балиусаараа дүрнэ эсвэл тухайн эрхтэнг тас огтолж хаяна. Зандалчин “онцгой тохиолдлоор” эсвээс “санаандгүй” зүрх рүү заасан тэмдэгтэй балиус эхэлж сугалж таарах аваас аз тохиож, ялтны зүрхэн тушаа шууд бүлж, дорхноо гол нь тасарч магадгүй. Чингэх аваас цаазлуулагч элдэв эрхтэнээ тас огтлуулж, тамлуулж зоволгүй шууд л амь тавина. Цаазын ялын энэ аймшигтай, жигшүүрт хэлбэрийг дээр үед цөөхөн хэрэглэсэн гэх бөгөөд ямар ч л гэлээ, сүүлийн хэдэн зуунд Монголд огт хэрэглээгүй гэдэг.

Хятадын хууль цаазны дагуу шаахайгаар жанчих, туйвангаар жанчих гэхчлэн төрөл бүрийн хэрэгслээр тамлан тарчлах аргуудыг сүүлийн хэдэн арван жилд хэрэглэхээ больж, тамлах хэрэгслүүд одоо бараг музейн үзмэр болжээ.

Хятадын хууль цааз доторх маш сонирхолтой нэг заалт байжээ, энэ бол шүүхэд нэр усгүй нэхэмжлэл бичих. Үүнийг шүүхээс илүү дутуу тайлбаргүйгээр хүчингүйд тооцох болжээ. Аль “соёлжсон” Венецийн БНУ-д (Venezia, Венец хот нь 1797 он хүртэл БНУ байсан, Е.ред) нэр усгүй гомдлыг үндэс болгож, эр эм ялгаагүй, ялтанг тугалган камерт яс арьс болтол нь цагдан хорьж, эсвэл “Сүүлчийн санаа алдахуйн гүүр”-ийн (Венец хотын шүүх танхимаас ялтанг гяндан руу авч явахад “Ponte dei Sospiri” гэгч энэ гүүрэн дээгүүр гардаг байжээ. Цаазын ялтан уг гүүрэн дээр зогсож, эргэн тойрноо харж, сүүлчийн удаа гүнээ санаа алддаг хэмээх болой, Е.ред.) доор усанд живүүлж алж байхад, “зэрлэг бүдүүлэг” Дорно дахинд дээрх хууль хэдийнээ хүчинтэй байжээ.

Монголд огтоос мэддэггүй нэг гэмт хэрэг бий, энэ бол хардалтаас болж хүн алах. Хайр дурлал, гэр бүлийн талаарх монголчуудын ойлголтод бэлгийн харьцаанаас болж хардах гээч юм байхгүй. Монгол эр хүн, эхнэр нь “араар тавих”явдлыг төдийлөн тоохгүй, харин ч авааль эхнэр, төрсөн охин нь хүсэх аваас хүндтэй зочиндоо ганц шөнийн баяр баясал бэлэглэхийн тулд тэднийг санал болгох нь бий. Ийм ч учраас тэрбээр “хүүхэн эргүүлэгч”-ийн үйлийг үзэхийг хүсэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь үнэхээр “араар тавьсан” явдал мөн байсан эсэхийг эхнэрийн амаар л шийднэ гэж хэлэх нь зүйтэй.

Монголын хууль, хулгайн хэрэгт, түүний дотор малын хулгайд холбогдсон хүнийг маш хатуу шийтгэнэ. Нүүдэлч малчид ихэнхдээ шүүхээр ч явахгүй, шууд л өөрсдөө арга хэмжээ авчихна. Анх удаа хулгай хийсэн бол баруун гарыг нь тас цавчина. Малын хулгайч эвтэйхэн мултар, хожуу арван тавны цагдаад баригдах аваас нөгөө гарыг нь тас цавчина. “Засрашгүй” этгээд, хоёр гаргүй мөртлөө дахин хулгай хийвэл, шууд л толгойг нь тас цавчиж орхино. Хулгайчдыг хашраах өөр нэгэн аймшигтай шийтгэл байжээ.

Энэ нь зэрлэг сонгино дүүрэн чихсэн тулманд хулгайчийн хоёр гарыг нь чинэртэл нь чанга боож, ширлэж орхино. Ширэн доторх сонгино соёолж исээд, арьсанд наалдан ялзарч идээлж, хүлээстэй үхмэл хоёр гар нь хатаж хорчийно. Яаж өвдөж, шаналах нь тодорхой шүү дээ. Ингээд эцэстээ ихэвчлэн үхлээр дуусана.

Үндэсний Засгийн газар гарч ирж, дээрх хуучны зэрлэг ял шийтгэлүүдийг хүчингүй болгож, цаг үедээ нийцсэн хууль цаазаар сольжээ. Улсын Их хурлаас үүнийг нь баталжээ. Цаазаар авах ялыг эхэндээ устгасан боловч, дараа нь хүн санаатайгаар алах болон эх орноосоо урвасан гэмт хэрэгт дахин оноох болсон. Цаазын ялыг буудаж алах хэлбэрээр гүйцэтгэх болжээ.

Үүний зэрэгцээ хятадын хууль цаазыг халснаар эдүгээ хүртэл амьдаараа булшлагдагчдын оромж болж байсан Өргөөгийн гянданг мөн өөрчлөн зохион байгуулав. Уг шорон бараг хотын төвд, анхилуун сайхан цэцэгсээр хучигдсан цэцэрлэгтэй зэрэгцэн байрлана. Шоронгийн байшин нь барагтаа харагдахааргүй хоёр хүний өндөртэй бүдүүн шургааган хашаагаар хүрээлэгдсэн байдаг. Дэргэдүүр нь сэрүүн Сэлбэ голын ус шоржигнон жирэлзэж, Богд Гэгээний гоёмсог өргөөг чиглэн, Туул гол руу яаран урснамуй. Өндөр шургааган хашаан доторх шохойдсон дан байшинд хоригдсон хоригдлууд орчин тойрны энэ бүх сайхан дүр төрхийг өчүүхэн төдий ч мэдрэх сөхөөгүй, тарчлан шаналах бөлгөө. Хятадын дэглэмийн дор хүнд хэрэгтэнгүүдийг эгнүүлэн тавьсан цоожтой модон авдар буюу мүглэнд ганц ганцаар нь хорино. Энд цаазлуулах өдрөө хүлээгсэд хавчиг мүглэн дотор хөдлөх боломжгүй өвдөглөн сууж, өдөр хоногийг өнгөрөөсөөр л...

Хөөрхий хоригдлууд, Маймаачингийн байшин барилгын гялалзсан асарт дээвэр дээгүүр өглөөний наран хөөрөн мандаж, Гандангийн алтан ганжирын цаагуур хурган жаргаж буйг ч харж чадахгүй, ер нь гадаа юу болж байгааг ч мэдэхгүй, мөнхийн хав харанхуйд л өдөр шөнийг өнгөрөөх болой. Мүглэнгийн хатуу модон хана, нарны туяаг ч, агаар салхийг ч үл нэвтрүүлнэм. Гагцхүү нэг ханан дахь өчүүхэн нүхээр л угаадас шиг зутангаар хооллох ажгуу. Мүглэн шаландаа бас нэг цоорхойтой, тэр нүхээр л өтгөн, шингэнийхээ учрыг олдог бөлгөө. Аймшигт мүглэн дотор ингэж л үйл тамаа үзнэ. Хөөрхий хоригдлын хоёр гар идэх юм гуйж онгорхой нүхнээс сарвайхаа болисон цагт л мүглэнгийн цоожийг мулталж, нартыг орхисон түүний цогцсыг чоно нохойд шидэж өгч, харин хоосорсон мүглэн  дараачийн үйлийн үртийг хүлээн хоцорно. Харин өнөөдрийн шорон арай өөр европ маягаар тоноглогдож, аюумшигтайяа гунигт түүхийн гэрч мүглэн хийгээд бусад хэрэгсэл сэлтүүд музейн үзмэр болжээ.