Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

    УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх” үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явагджээ.

    Энэхүү төсөлд хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх, иргэн хуулийн этгээд хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, авлигын шинжтэй үйлдлийг таних мэдэх, авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэхэд боловсролын байгууллага, гэр бүлээр дамжуулан улсын хэмжээнд олон талт арга хэмжээ зохион байгуулах, авлигын эсрэг боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах зэрэг саналуудыг тусгасан байна.