АРЬС, ШИРИЙГ ДОТООДДОО ГҮН БОЛОВСРУУЛАХ БОЛОН ТҮҮГЭЭР БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ЗЭЭЛ ОЛГОХ
Засгийн газрын 2013 оны 48 дугаар тогтоолоор “Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, хяналт тавих, тайлагнах журам”-ыг батлан хэрэгжүүлж байна. Журамд зааснаар зээлийг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүн боловсруулах зорилгоор арьс, шир худалдаж авах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тоног төхөөрөмж шинэчлэхэд зориулж үйлдвэр, цех, тасаг, төв зэрэг үндэсний үйлдвэрүүдэд олгох ба нэг хуулийн этгээдэд олгох зээлийн дээд хэмжээ 20 хүртэл тэрбум төгрөг, 5 жилийн хугацаатай, жилийн хүү 7 хувиас ихгүй байна.
Зээл авах хүсэлт гаргасан арьс ширний үйлдвэр нь хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж, төлбөр төлсөн, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан шимтгэл төлөх үүргээ биелүүлсэн байх, малчин, мал бүхий этгээд болон мах боловсруулах үйлдвэрээс арьс, ширийг зах зээлийн үнээр авах баталгаа гаргасан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх гэсэн шаардлагыг хангасан байна.