Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгийн дээрх заалт болон Монгол Улсын Их Хурлын “Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийн тухай” 50 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосон тухай
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт … өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтэлнэ.” гэж заасан заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн билээ. Харин Улсын Их Хурал уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, 2016 оны 50 дугаар тогтоол гаргасан тул Цэц их суудлын хуралдаанаараа дахин хянаж, эцэслэн шийдвэрлэжээ.
Тус заалт нь Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүгчийн хараат бусаар ажиллах зарчмыг алдагдуулах, зөвлөлдөх тасалгааны нууцыг хамгаалах зарчим хөндөгдөх нөхцлийг бүрдүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.
Иймд Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгийн дээрх заалт болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийн тухай” 50 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосон байна.