ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХЫГ ДЭМЖЛЭЭ

   Хуралдаанаар хэлэлцсэн дөрөв дэх асуудал нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг авч хэлэлцлээ.

   Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

   Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар хуульчилсан бөгөөд түүнийг улируулан томилох эсэх асуудалд Үндсэн хуулиар аливаа хязгаарлалт тогтоогоогүй байна. Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” хэмээн заажээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн “нэг удаа” томилох агуулгаар хуульчилсан хязгаарлалт нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн байна.

   Иймд Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн аж. Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжжээ. http://www.parliament.mn/news/open/categories/2453/pages/31242