СТРАТЕГИЙН ХҮНСИЙГ ЭКСПОРТЛОХ, ИМПОРТЛОХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ

Стратегийн хүнс болох Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг экспортлох, импортлох түр журам Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан. Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн кодод нийцүүлэн бүтээгдэхүүн тус бүрээр тогтооно.

            Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгох бөгөөд сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлэн яаманд ирүүлнэ: 

  • Экспортлох эсхүл импортлох хүнсний нэр төрөл, багцын хэмжээг заасан албан бичиг,Хуулийн этгээдийн нэр, байршил, хаяг, утас, факсын дугаар, цахим хаяг,
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, эрхэлж байгаа хүнсний чиглэлийн үйл ажиллагааны төрөл,
  • Хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж төлсөн, татварын өргүй болохыг тодорхойлсон харьяалах татварын албаны тодорхойлолт,
  • Аудитаар баталгаажсан сүүлийн жилийн санхүүгийн тайлангийн хуулбар,
  • Стандарт, техникийн зориулалтын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй эсэх эсхүл энэ шаардлагыг хангасан хуулийн этгээд, байгууллагатай байгуулсан гэрээний хувь,
  • Экспортлогч улсын үйлдвэр эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдааны гэрээ,
  • Хуулийн этгээдийг төлөөлөн сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд итгэмжлэл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр. 

    Сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг яамны цахим хуудсанд байршуулах бөгөөд материал хүлээн авах эцсийн хугацааг ийнхүү цахим зар гаргасан өдрөөс хойш ажлын 5 хоногоор тогтооно. Сонгон шалгаруулалтад оролцож экспортлох, импортлох зөвшөөрөл авсан этгээд зөвшөөрөл авснаас хойш 6 сарын дотор стратегийн хүнсийг экспортолж, импортолно. Хэрэв энэ хугацаанд экспортлоогүй, импортлоогүй бол зөвшөөрлийг хүчингүй болгож, дахин шалгаруулалт явуулна.