МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АЖ АХУЙН НЭГЖ БҮРТГҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА ӨӨРЧЛӨГДСӨН БАЙНА
Монгол Улсын Их хурлаас 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг баталсан. Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуульд дараах нэмэлт өөрчлөлт орсон байна.
Нэг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 7.1.7 дах заалт нэмсэн байна.
“7.1.7.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага.”
Энэхүү зохицуулалтын дагуу цаашид гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах тохиолдолд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлнэ.
Хоёр. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд дор дурдсан 171, 172 гэсэн зүйл нэмсэн байна.
“171 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэх
v Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай өргөдөлд дараах зүйлийг тусгана:
1. хөрөнгө оруулагчийн нэр, хаяг, хувь хүн бол иргэний харьяалал, хуулийн этгээд бол эрх бүхий байгууллагаас олгосон бүртгэлийн гэрчилгээ;
2. аж ахуйн нэгжийн төрөл, хэлбэр;
3. хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээ;
4. хөрөнгө оруулах үндсэн салбар, эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээ
v Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
1. гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай шийдвэрийн эх хувь;
2. гадаадын төрийн өмчит хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр;
3. гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дүрэм;
4. хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран байгуулж байгаа бол хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ;
5. Хөрөнгө оруулагчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулагч хувь хүн байгуулах тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрөл, хуулийн этгээд байгуулах тохиолдолд хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
6. гадаадын хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын мөнгөн хөрөнгөөр хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотлосон банкны дансны хуулга, хөдлөх хөрөнгөөр хийж байгаа бол гаалийн байгууллагын мэдүүлэг, оюуны үнэт зүйлээр хийж байгаа бол тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг;
7. гадаадын хөрөнгө орулалттай аж ахуйн нэгжийн албан ёсны хаяг;
8. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
172 дугаар зүйл. Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэх
v Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах тухай өргөдөлд дараах зүйлийг тусгана:
1. гадаадын хуулийн этгээдийн нэр, хаяг;
2. гадаадын хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар, бүртгэлийн гэрчилгээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцийн тухай мэдээлэл;
3. төлөөлөгчийн газар байгуулах зорилго, үйл ажиллагааны чиглэл;
4. төлөөлөгчийн газрын албан ёсны хаяг, байршил.
v Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар байгуулах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
1.баталсан загварын дагуу бөглөсөн маягт;
2. гадаадын хуулийн этгээдийн танилцуулга, дүрмийн хуулбар;
3. гадаадын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;
4. төлөөлөгчийн газрын хаяг;
5. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
Жич: Дээр дурдсан баримт бичгүүдийг монгол хэл дээр үйлдсэн байх ба Улсын бүртгэлийн байгууллага нь баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор бүртгэх эсэх талаар шийдвэр гаргана.