ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ ТУХАЙ

   Монгол улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 215 дугаар тогтоолоор хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэжээ.  

Тодруулбал, 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгасан байна.

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасны дагуу нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй тул тухайн байгууллага хүүхдээ асарч байгаа ажилтандаа чөлөөтэй байх хугацааг нь ажилласан хоногоор тооцож цалинг нь олгох юм.

Түүнчлэн 1 болон 3 дахь хэсэгт зааснаар нэн шаардлагатай 11 нэр төрлийн эмийн жагсаалтыг Эрүүл мэндийн яамнаас гаргаж уг эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвүүд 2017 оны 1 дүгээр сарын 2-ноос 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл бямба гариг бүр ажиллахыг үүрэг болгосон байна.