“ХҮН АМЫН НУТАГШИЛТ, СУУРЬШЛЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨСӨЛ” БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛАГДЛАА

   Хүн амыг нутаг дэвсгэртээ оновчтой нутагшуулан суурьшуулах, үүнтэй холбогдож гарах олон асуудлыг шийдвэрлэх асуудалтай холбоотойгоор уг төслийг боловсруулахаар болсон байна.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын ээлжит, 2017 оны анхны хуралдаанаар Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулж, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгууллаа.

Төслийн хүрээнд:

   -Хүн амын нутагшилт, суурьшлын өнөөгийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, давуу, сул талыг тодорхойлох;

   -Нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргааны түвшин, байгалийн нөхцөл, нөөц, цаг уур зэргийг тооцон хот, хөдөөгийн нутагшилт, суурьшилд тохиромжтой нутаг дэвсгэр, бүсүүдийг тогтоох, шинээр бий болох хот, суурин газрын байршил, үүргийг тодорхойлох;

   -Зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн үндсэн тэнхлэгийг нутаг дэвсгэр зохион байгуулалтын бодлоготой уялдуулж цогцоор хөгжүүлэх, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх;

   -Хот суурин газруудад хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох;

   -Амралт, аялал жуулчлал, байгаль хамгаалал, түүх, соёлын асуудлыг хүн амын нутагшилт, хот байгуулалтын бодлоготой уялдуулан тодорхойлох;

   -Нэг төвөөс олон төвт тогтолцоо руу оновчтой шилжих үндэслэлийг боловсруулах, хөгжлийн ирээдүйн төлөвийг тодорхойлох зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: www.ikon.mn