Хуульч ньюс сэтгүүлийн зөвшөөрөлтэйгээр "Би багадаа" цувралаас Гавьяат хуульч Г.ОЮУНЦЭЦЭГ

Гавьяат хуульч Г.ОЮУНЦЭЦЭГ:

                                                                                                       Партизаны охин “болж” болгар чихэр их идсэн дээ

Арван тавтайдаа Паскалийн теором гэгдэх алдарт хуулийг нээсэн эрдэмт хөвгүүн, түүнээс ч нялх багадаа хөгжмийн суу билэг нь тодорсон Моцарт, Бетховен, арван зургаахан насандаа арван мянга гаруй зураасан зураг зурж, ахар богино хугацаанд ер бусын амьдарсан Надя Рушева охин, есөн насандаа Гайда, Бетховены суут бүтээлийг удирдан тоглуулж од шиг гялалзан гарч ирсэн Игорь Каненец хүү, П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн дуу хөгжмийн алдарт танхимд бадралт бага бишгүүрээр суут Бахын зохиолыг гурван цагийн турш хөгжимдөж гайхуулсан гурван настай Алеша Пановыг бишрэхгүй байхын аргагүй. Хүүхэд нас агуу гайхамшгийн эхлэл бөлгөө...

Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Монголын өмгөөлөгчдийн дундаас төрсөн анхны гавьяат хуульч эмэгтэй Готовын Оюунцэцэг багадаа ямархан хүүхэд байсан бол. Тэрбээр балчир үеэ ийн дурсах авай. 

Ясли, цэцэрлэгт явснаа санадаггүй

-Улаанбаатарын унаган хүүхэд юм, би. Нэг эгч, нэг ах, хоёр дүүтэй. Айлын хоёр охины бага нь гэсэн үг. Морин жилтэй. Аав минь Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, дипломатч хүн. Олон улс оронд Элчин сайд байж, сүүлдээ Гадаад яамны Консулын газрын даргаар ажиллаж байлаа.

Ах дүү гурвуул ч багадаа аав, ээжээсээ хагацаж, айл айлд өргөгдсөн юм билээ. Хожим нь том болцгоосон хойноо авга ах Чоймбол хот орж ирж, Хад ахыг, дараа нь аавыг эрж сурж байж олж уулзацгаасан гэж ярьдаг сан. 

Хоёр дүү минь намайг сургуульд орох гэж байхад төрсөн болохоор би жаахан эрх талдаа өссөн.  Ясли, цэцэрлэгт явж байснаа ер санадаггүй юм. Аав минь дипломатч байсан болохоор гадагшаа үргэлж явна. Тийм болохоор ихэнхдээ аавыгаа дагаж яваад улмаар ясли цэцэрлэг гэлгүй шууд сургуульд орсон байх.  

Хоёрдугаар улирлаасаа “цоорсон”

-Би аавыгаа Болгарт Элчин сайд байхад нь Софи хотод дунд сургуулийн нэгдүгээр ангид орж байлаа. Гэхдээ болгар сургуульд биш, орос сургуульд элссэн. Орос элчингийн хүүхдүүдийн сурдаг сургууль л даа.

Орос хэл мэдэхгүй болохоор эхний улиралд багагүй чармайсан юмдаг. Харин хоёрдугаар улирлаасаа ёстой л “цоорсон” доо. Оросоор яриад сурчихаж байгаа юм. Эргэн тойрон орос хүмүүс, орос хүүхдүүд байсан учир төвөггүй сурсан. 

Сургуульд орохынхоо өмнөхөн тэнд очсон болохоор гудамжинд болгар хүүхдүүдтэй тоглосоор болгар хэл сурчихсан байв. Эхэндээ тэр хавийн болгар айлын хүмүүс намайг их гайхан харцгаадаг сан. Ази царайтай нэг монгол хүүхэд болгараар жигтэйхэн яриад байгаа нь сонин санагддаг байсан биз ээ. Өөр ази хүүхэд байхгүй байсан нь ч тэгж гайхахад хүргэсэн байж болох.

“Энэ хүмүүс миний аав ээж биш”

-Хүүхэд байхын пантаазалж ярих дуртай байсан шиг байгаа юм, би. Сургуульд ороод удалгүй ах, эгчийнхээ хамт Пионерийн зуслан явсан юмдаг. Болгар гайхамшигтай сайхан байгальтай орон. Зусланд том ангийнхан майханд, бага ангийнхан байшинд байрлаж байсан санагдана.

Би чихэрт нугасгүй дуртай байж билээ. Хүүхэд л болсон хойно доо. Болгар хэлтэй учир ярихын хувьд давуу талтай. Хүүхдүүдийг уяртал худлаа зохиож ярина. “Би партизаны охин. Өнчин өрөөсөн өссөн” гэж “тууна”. “Аав минь сэлэм эргүүлдэг мундаг зоригтой хүн байсан” гээд дүрсэлж үзүүлнэ. Тэгэхээр хүүхдүүд үнэмшээд өрөвддөг сөн үү, гайхдаг сан уу, чихэр жимс их өгнө өө. Амттанаар харин ч тасрахгүй дээ. Яагаад чухам партизаны хүүхэд гэж ярих болсон юм, бүү мэд. Монгол хүүхдүүд чулуугаар их байлдаж тоглодог байснаас л ургуулж тэгж ярьсан болов уу, одоо бодоход.

Тэгж байтал аав, ээж хоёр эргэж ирдэг юм. Хүүхдүүд “Аав ээж чинь ирлээ. Чи аав ээжгүй гээ биз дээ” гээд. “Энэ хүмүүс миний аав, ээж биш. Намайг үрчилж авч өсгөсөн юм” гэж ичихгүй “залж” байгаа юм чинь. Нэг нь зохиож яриад нөгөөдүүл нь түүнд үнэмшиж л байдаг. Хүүхдүүдийн л явдал. Ядаж манай ах, эгч хоёроос асуугаагүй л байгаа юм даа.

“Энэ монгол элчингийн хүүхэд зоргоороо”

-Манай Элчинд Нямаа гэж дипломатч байсан, худалдааны атташе. Тэднийх хоёр хүүхэдтэй. Шүрээ эгч, Хурцаа ах хоёроос гадна манай ах, эгч, тэгээд би, ерөөөсөө таван л монгол хүүхэд байж. Шүрээ эгч, манай эгч хоёр том анги. Хурцаа ах надаас дөрөв, таван насаар ах. Манай ах надаас нэг ах.

Ах, Хурцаа ах хоёр их найзална. Бид гурав сав л хийвэл хөтлөлцөөстэй. Гарч тоглоно. Гарч тоглохын тулд тэр хоёр миний хичээлийг, гэрийн даалгаврыг гялс хийж өгдөг сөн, эгчид мэдэгдэхгүйгээр. Эгч шаардлага өндөр, өөрөө бич гэнэ. 

Аав ээж ажилтай тул юм болгонд оролцоод байхгүй. Айлын том нь болохоор эгч л их хариуцлага хүлээдэг байсан даа.

Хааяа эцэг эхийн хурал болоход аав, ээж хоёрын нэг очно. “Энэ монгол элчингийн хүүхэд зоргоороо”, эсвэл “Танай хүүхэд дураараа, хичээл дээр чөлөөтэй босч ийш тийш явж байдаг” гэж  чихийг нь мөн ч их халууцуулсан даа.

Чимгээ шиг онц сурлагатан болох сон

-Болгарт хоёрдугаар ангиа төгсөөд л Монголдоо ирсэн. Одоогийн нэгдүгээр сургуульд гуравдугаар ангид орж байв. Манай ангийнхан сурлага номондоо жигдхэн сайн, мундаг хүүхдүүд байлаа. Би бол дундаж л. Нэг их сүрхий биш ч, дуртай хичээлдээ сайн, дургүйдээ жаахан тиймэрхүү.

Тоонд дуртай мөртлөө геометрт тун тааруу. Ш.Бира гэж академич байдаг даа. Тэдний охин Цэцгээтэй дотно найз. Хамт нэг ширээнд сууна. Дагаж гэрээр нь очно. Тэр миний геометрийн хичээлийг хийж өгнө. Угийн мэдэхгүй, дургүй болохоор хуулахдаа хүртэл буруу хуулсан байдаг сан. Цэцгээ ном их уншина. Уншсан номоо ярьж өгнө. Тэр нь ном уншихсан гэсэн хорхой хөдөлгөнө. Багын найз минь цэл залуугаараа бурхан болсонд  их харамсдаг.

Мөн миний найзууд гэвэл Түвдэндорж гэж цөмийн физикчийн охин Алимаа, Гомбосүрэн гэж алдартай зураачийн охин Чимгээ нар байна. Алимаагийнх олуулаа. Ээж нь сайхан хоол хийнэ. Хоолыг нь их шомбодсон доо.

Чимгээ бол сэхээтэн айлын соёлтой боловсон хүүхэд. Царайлаг, намирсан урт гэзэгтэй. Чимгээ шиг онц сурлагатан болох юмсан гэж манай ангийнхан мөрөөдөж ярьдаг байлаа. Одоо энэ, “Инээмсэглэл” хамтлагийн Чулууны Ганболд манай ангижав. Угийн хэлний авьяастай, зохион байгуулах чадвартай банди байв.

Хоор дуунд л зогсдог сон

-Надад урлагийн авьяас заяагаагүй бололтой. Солгой хоолойтойгоо эрт мэдсэн юмдаг. Дөрөвдүгээр ангид байхад дууны хичээл орж байв. Багш хүүхэд болгоныг нэг нэгээр нь дуулуулаа л. Миний дуулах ээлж боллоо. Ямар дуу дуулсан юм, бүү мэд. Дуулах ч гэж дээ, эхэлтэл манай ангийнхан пижигнэтэл хөхрөлдөөд, багш ч инээгээд. Яавч олигтой хоолойгоор дуугараагүй биз.

Дараа нь бас урлагийн үзлэг болдог юм. Хүүхдүүдэд биелгээ, энэ тэр заагаад бүжиглүүлэх юм болсон. Би бас л гологдоод. Гэхдээ хоор дуунд бол зогсч байсаан. Орос багш нар солгой хоолойтой гэж голохгүй хоорт зогсоож байгаа юм. Хүүхэд болохоор зовохгүй ээ.

Бидний үеийнхний гангараа юу байсан гэвэл бүгд форм өмсдөг байсан учир охидын хувьд ханцуй, захны цагаан манжаатак, тирко хоёр л байсан болов уу. Үнэндээ одоогийнх шиг юм юмаар тийм ч элбэг дэлбэг байгаагүй шүү дээ, тухайн үед.

Алдартай жүжигчдийн зураг цуглуулна

-Шинэ жил л хамгийн гоё баяр байж дээ, хүүхэд байхад. Одоо ч гэсэн би шинэ жилд дуртай, дуртай. Гадаа цас ороо л, сургууль дээр ч, гэрт ч мод, өнгийн цаасан чимэглэл цацраа л хаа сайгүй шинэ жил сайхан болно. Хөдөөнөөс өвлийн идэш ууш ирчихсэн, хэн хүнгүй нэг л баяр баясгалантай сайхан угтана, шинэ жилийг.

Цай нүддэг хуучны уур нүдүүр байдаг шүү дээ. Ээж минь гачуур модоо ууранд хийж тогтоогоод хүүхдүүдээ баярлуулна. Бид яахав, хүмүүсийн өгсөн бэлгүүдээ ихэд нандигнана. Ахын төрсөн өдөр шинэ он гаруут тохиодог байхгүй юу. Тийм болохоор юм юмтай, өнөр өтгөн сайхан тэмдэглэнэ. Бидний төрсөн өдрөөс арай л өөр.

Сургуулийн маань гуанзны пирошки маш гоё амттай. Мөн ч их авч иддэг сэн. Манай ангийнхан тухайн үеийн алдартай жүжигчдийн зургийг их цуглуулдаг байв. Ном их уншина. Ги Де Мопассон, Майн Рид... гээд олон зохиолчийн алдартай зохиолуудыг хоорондоо солилцоод л уншдаг сан. 

Өөр сургууль руу “нутаг заагдаад”...

-Амралтаараа хөдөө гадаа явна аа. Гадаад руу ч цөөнгүй явсан. Ээжийн эмээгийн тал Хөвсгөлийнх. Аав ээжтэйгээ тийшээ явж байснаа санаж байна.

Ээж аав гадагшаа явахдаа ах бид хоёрыг Агваандорж ахынд үлдээдэг байв. Зохиолч Э.Оюун гуайн төрсөн дүү нь л дээ. Эхнэр нь Ичинхорлоо гэж ээжийн минь найз. Өө, ах бид хоёр ч хичээлээ “худлаа” хийхийг үзүүлээд өгнө. Заримдаа хамт хичээлээ тасална. Сахилгагүйтнэ. Энэ байдлаас болсон уу, яасан тавдугаар ангид байхад намайг Төмөр замын сургууль руу шилжүүлчихэж билээ. Өөрөөр хэлбэл, “нутаг заагдсан” хэрэг. Жаахан хөдөлгөөнтэй байсан нь нөлөөлсөн байх. Мөн өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлдэг байсан нь багш нарт таалагдаагүй болов уу. Төмөр замын сургуульд нэг жил сураад хуучин ангидаа эргэн ирсэн. Тэглээ гээд томоожоогүй ээ.

Ээжийн дүү Ширчин ах л хичээл номоо давтахгүй байна гэж бодоод гэртээ дөхүүлэх маягаар өөр сургууль руу шилжүүлсэн шиг байгаа юм. Аав ээжийг ирэхэд тэр тухай хэлдэг байсан биз. Гэвч аав, ээж ч тэр, ах эгч бид хэд ч тэр бие биеэ санасан улс юун загнах, загнуулах манатай.  

Авгай чинь болно шүү...

-Сурагч ахуйдаа би тайрмал гэзэгтэй, туранхай охин байв. Хоёр дүү минь хоёулаа банди гэж дээр хэлсэн шүү дээ. Тэднийг хүмүүжүүлэх үүрэг надад оногдсон. Хүмүүжүүлэхээ ч хат даа. Сахилгагүйтээд үгэнд орохгүй бол айлгана, нөгөө хоёр оо. Атаман нь.

“Авгай чинь болно шүү” гэхээр надтай суухгүй гээд үхтэлээ айдаг сан. Авгай гэдгийг л их муухай хүн гээд ойлгуулчихсан юм уу, хаашаа юм. Дүү нар ах, эгч хоёроос айхгүй мөртлөө миний үгнээс гарахгүй.

Ахлах ангид орох үеэсээ ухамсар суугаад томоожсон доо, би. Том болоод хуульч болохоор нэг л өдөр эргэлт буцалтгүй шийдсэн юмдаг. Хуульч гэдэг их л сайхан мэргэжил санагдаад. Адал явдалтай ном их уншдаг байсан нь гол нөлөө болсон байх. Мөн манай ангийн нэг бандийн толгой руу хүн цохиод тархийг нь гэмтээчихсэн. Түүнийгээ мэдэхгүй явж байж хүндрүүлээд бурхан болчихсон нь ч бүр түлхэц болоо биз.

Ингээд аравдугаар ангиа төгсөхдөө Эрхүүгийн Улсын их сургуулийн хуулийн ангийн хуваарь авч хойд хөршийг зорьсон доо...

 

Сэтгүүлч Ц.ГАЛБАДРАХ

Эх сурвалж:

ХУУЛЬЧ NEWS сэтгүүл 2014 он №01