Хуульч ньюс сэтгүүлийн зөвшөөрөлтэйгээр "Би багадаа" цувралаас. Гавьяат хуульч, академич Ж.АМАРСАНАА

Би багадаа

Гавьяат хуульч, академич Ж.АМАРСАНАА:

Аав шигээ эмч болно л гэж боддог байлаа

Нэгэнтээ Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр болсон шатрын тэмцээнд Олон улсын мастер Д.Янжиндулам оролцсон юмдаг. Тэмцээний дараа мастертай зураг хөрөг авахуулах юм болж суух нь суун зогсох нь зогсч хөл болов. Ж.Амарсанаа багшийг бүгд л “Та дунд суу” гэцгээхэд хариуд нь юу гэсэн гэж санана.

“Зүгээр зүгээр, би захад зогсчихьё. Дээхнэ Оросын нэг сэтгүүлч Леонид Ильич Брежневийн тухай “Алла Пугачевагийн үеийн улс төрийн нэрт зүтгэлтэн” гэж бичсэн байдаг. Хожим миний тухай “Янжиндуламын үеийн төр, нийгмийн зүтгэлтэн” гэж бичиж юуны магад” хэмээн хошигнож бөөн инээдэм болж билээ...

МУИС-ийг төгсөөд л сургуульдаа багшилж, тэнхмийн орлогч эрхлэгч, орлогч деканаар дэвшиж, улмаар Шүүх яамны хэлтсийн дарга, Хууль зүй, арбитрын яамны газрын дарга болж, Хууль зүйн сайдаар хоёронтоо томилогдож, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний төв, ШУА-ийн Философи социологи, эрх зүйн хүрээлэнг тэргүүлж, Дэлхийн банкны зөвлөх, Ази, Номхон далайн орнуудын Хүний эрхийн үндэсний байгууллагуудын шинжээчээр уригдаж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр сонгогдож, өдгөө Цэцийг даргалж... гээд хууль зүйн салбарын сэнтий өндөр бүхий л албыг ээлж дараалан хашиж буй энэ эрхмийн тухай олныг нурших нь илүүц биз.

Монгол Улсын гавьяат хуульч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Жүгнээгийн Амарсанаа бага насаа ийн дурсах авай.   

 

“Нийслэл хүү”

 

-Угсаа гарлаараа миний аав ойрад хүн. Ойрад дотроо дөрвөд. Увс аймгийн Давст сумынх. Харин ээж Увсын Улаангомынх. Аав цэргээс халагдаад нутагтаа латин хэлний багш болсон байдаг. Кирилл бичиг зааж эхлэхээс өмнө.

Монголд тэр үед орос эмч олноор ирж манай ард түмнийг өвчин хуучаас нь салгаж эрүүлжүүлэх ажилд “ханцуй шамлан” орсон байна. Увсад Тарагашин гэж эмч, Зинада гэж эмийн санч эхнэртэйгээ очсон юмсанж. Аав багшлахаа болиод тэр эмчийг дагалдаж бага эмч, дараа нь эмийн санд нь ажиллаж эмийн санч болжээ.

Мөн 16 настай ээж минь тэр эмийн санд эм боогчийн ажилд орсон байдаг. Ингээд удалгүй аав ээж хоёр гэр бүл болсон юм билээ.

Би эцэг эхээс арвуулаа. Гурван ах, гурван эгч, гурван дүүтэй. Таван хүүхэдтэй болсон аав, ээж хоёр үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон уу, яасан Улаанбаатарт нүүж иржээ. Тийм болохоор ах дүү арвын тав нь Увсад, тав нь хотод төрсөн гэсэн үг.

Миний төрсөн газар бол Улаанбаатар, унаган газар Ногооннуур. Товчхондоо “нийслэл хүү”. 1953 онд эхээс мэндэлсэн. Тэр үед социализм байгуулж байсан байх. Нэгдэлжээгүй, мал хувьд, газар тариалан учиргүй эрчимтэй хөгжиж эхлээгүй байсан байх.

Цэцэрлэгт дугуйтайгаа явах гэж аашилна

-Ногооннуур гэж хуучнаар Пионерийн ордон, одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн баруухан хойно том нуур байлаа. Хайлааст, Чингэлтэйгээс их ус орж ирдэг. Тэнд нуур болоод тогтчихдог. Ганц сувгаар доошоо урсдаг, Усны гудамж гэдгээр. Тийм л байсан.

Хүүхэд байхад том л нуур байсан даа, Ногооннуур. Урин дулаан цагт завьтай улс хөвж явна. Өвөл цаанаас нь хүмүүс ирж тэшүүрээр гулгана. Далан дээр нь гарч ирээд харахад сүртэй харагддаг сан.

Манайх одоогийн Дөлгөөннуураас хойшхон, зуугаад метр газарт хашаатай. Ганцхан гудамж байсан даа, нуурын хөвөө дагасан. Аав минь гэр бүл, үр хүүхдээ тэжээхийн тулд яадаг байсан гэж санана. Анагаахын дээдэд оюутан болсон байгаа юм. Хөгшин оюутан. Нэг их том хашаатай биш хэрнээ тахиа, гахайтай. Хэдэн ямаа, саалийн үнээтэй. Мөн худагтай. Ах нар, хамаатан садангуудаа ууланд явуулж мод хийлгэнэ. 

Байгалийн түүхийн музейн ард хоёр давхар байшинд цэцэрлэг байв. Сүүлд “Монгол эрдэм” сургууль ороод, одоо буулгачихсан байна лээ. Шинэ байшин барих юм гэсэн. Би тэр цэцэрлэгт явдаг байлаа. Хэдэн настай эхэлж явсан юм бэ дээ. Өглөө эгч нар хүргэж өгнө. Нэг жижигхэн унадаг дугуйтай. Түүнийгээ унаж ирэх гэж заримдаа аашилна. Болоогүй, орой харихдаа нэг чихэртэй.

Г.Бумцэнд гуайн гэрийг худалдаж авсан байдаг

-Манай хамгийн бага дүү төрсөн жил буюу 1959 он хүртэл Ногооннуурт байгаад Таван буудал руу нүүсэн юмдаг. Шинэ нутаг, шинэ хашаанд тохижихдоо гахай тахиа, үхэр малаа авч очоогүй. Харин мод, цэцгийн мандал тариад, гулгуур савлуур хийсэн. Хашаа маань маш гоё тохижилттой. Гэр дээгүүрээ байшин барьчихсан. Байшин дотор гэр байна гэсэн үг л дээ.

Тэр үед ээж Засгийн газрын ордны эмийн сангийн эрхлэгч байв. Ордны агуулахад байсан Г.Бумцэнд гуай, Х.Чойбалсан гуай нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг зарсан байгаа юм. Бумцэнд гуайн гэрийг олон хүүхэдтэй айлд өгнө гэхэд нь манайх 125 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Одоо ч тэр гэр байгаа.

Энд нэг зүйл сонирхуулахад, манай ээж Эрүүлийг хамгаалахын ууган гавьяат ажилтан. Дээр дурдсан, эм боогчоос эмч найруулагч, эмийн сангийн эрхлэгч болж, нэгэн насаараа эмийн санд ажилласан хүн. Тухайн үед гавьяат эмч гэж цол байснаас Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан гэж цол байгаагүй. Энэ цолыг 1981 онд бий болгоод 1982 онд анхныхыг нь манай ээжид өгсөн байдаг юм. Манайх 1961 онд “соёлч айл”-аар шалгарч, ээж минь Ленинград руу аялж байж билээ.

Гаднын зочин гийчин ирэхэд Хотын захиргааныхан манайх руу дагуулж ирнэ. Хэзээний л автобустай, машинтай улс зочлоостой. Монгол ахуй, монгол айл яаж амьдарч байгааг үзэж сонирхох гэж тэр. Монгол ахуй, монгол айлын амьдралыг хот дотроо л үзүүлчихдэг байж.

Шуургатайд ч, бороотойд ч сургууль руугаа бөөнөөрөө...

-1961 онд 17 дугаар сургуулийн нэгдүгээр ангид элссэн, би. Одоогийн Зуун айл байна аа. Барилгын материалын дэлгүүрүүдийн тэнд, нэг давхар байшинд 17 дугаар сургууль байсан юм. Тухайн үедээ хотын хамгийн хойд талын сургууль нь. Таван буудлаас өглөө гэр гэрээсээ гарсан хүүхдүүд замдаа нэмэгдэн бөөгнөрсөөр сургуульдаа ирнэ. Орой мөн бөөн гараад цөөрсөөр цөөрсөөр харьцгаана даа. Шуурга ч таарна, бороо ч таарна. Одоо бодоход яаж явдаг байсан юм.

Миний анхны багш Цэрэндэжид гэж Завханы хүн байлаа. Одоо ч бий. Аав нь Лодон гэж партизан хүн, тэднийх сургуулийн ойрхон байдаг сан.

Сургуульд ороод ер нь гайгүй сурсан шүү. Гуравдугаар ангид орох жил одоогийн 17 дугаар сургуулийн өмнөхөн нэг цэцэрлэг баригдсан. Тэнд хоёр жил хичээллээд дараа нь жинхэнэ 17 дугаар сургуулийн барилга баригдаж дуусаад шилжиж орж байв.

Манай аав, ээж хүүхдүүдээ тэнгэ ингэ гэж нэг их зааж сургаад байхгүй.

Хашаандаа цана, тэшүүр, дугуй баахан юм авчираад тавьчихсан байх. Савлуур, өргөдөг төмөр ч байх шиг. Ширээний теннисний бандантай. Бид өөр өөрсдийн сонирхлоор л тэндээ тоглоно. Гэхдээ ганцаараа тоглохгүй. Ойр хавийн хүүхдүүдийг дагуулж ирж тоглоно, шатар даам, теннис. Хүүхдүүд баахан тоглож байгаад л гэр гэрийн зүг “гэдэн годон”.

Мөн янз бүрийн хөгжимтэй. Шанз, ятга, гармони, баяан гээд л. Нэг эгч маань шанз тоглоно. Хоёр ах турба үлээнэ. Би болохоор гитар, гармони тоглоно шүү дээ. Сургуулийн урлагийн үзлэгээр баяан барина. Нэг их сүрхий биш ч гэсэн өөрсдөдөө зугаатай.

Дорноговиос Хэнтий рүү замын машинд дайгдан...

-Тавдугаар ангидаа юм. Пионерийн ордны мужааны дугуйланд явав. “Ийм ийм дугуйлан байна, хэн орохов” гэж багш асуухаар нь мужааны дугуйлан гоё санагдаад орж явчихсан. Аав элдвийг хийдэг, ширээ сандал янзалж засдаг хүн. Сүүдрэвч ч барьж байх шиг, хашаандаа. Аавын хийж байгаа зүйлс сайхан харагдаад, аавдаа тусалмаар санагдаад мужаан болохоор шийдсэн хэрэг.

Дугуйлан маань сүрхий, суурь машинтай. Хөөрхөн хөөрхөн зүйлс хийнэ ээ, тэнд. Арван хэдэн хүүхэд хичээллэнэ. Гар хуруу эвлээд сүүлдээ шатар хийдэг болсон ч тэгсгээд дугуйлангаа орхисон.

Багад манайхан хөдөө гадаа, рашаан усанд их явдаг байв. Тэрэлж рүү голцуу. Манай хавь жолооч айл элбэгтэй. Нэгнийх нь тэргэн дээр майхан саваа ачиж, хүний өөрийнгүй баахан хүүхэд шуухадтай улс сууж аваад явж өгнө дөө. Жимс түүнэ. Түүсэн жимсээ авчраад вариан хийнэ. Өвөлжингөө иднэ.

Аав, ээж биднийг биднийг агаар салхины сайханд, цагаан идээн дээр хэд хонуулах гэж танил, хамаатнуудынх руугаа их явуулна. Түүнээс ажил төрөлд нь туслаад сүйд болог гэхдээ биш байсан байх. Зургадугаар ангид ордгийн зун дүү бид хоёрыг эхлээд Дорноговьд байдаг ээжийн дүүгийнх рүү хүргүүлсэн. Тэнд хэд хонуулаад Хэнтий рүү аавын танилынх руу бензиний машинд суулгаад явуулж байсан нь санаанаас гардаггүй. Нэг нэгэндээ захиад зуны амралт дуустал ийш тийш нь “зөөчихдөг” сөн.

“Тангараг өргөсөн хүн тэгж болохгүй”

-Аав эмч болохоор уламжлалт эмчилгээг орчин үеийн анагаахтай их холбоно. Ийм ургамлыг тэгж уугаарай гэхчилэн бусдад зөвлөнө. Манайхаар улс амьтны хөл тасрахгүй.

Аавын эх барьж авсан хүүхэд Таван буудал хавьд нэн олон. Хотоос хол, түргэн байхгүй.

Манайх гэртээ утастай. Тэр үед утастай айл тун ховор. Хотын холбооны газрын даргын аав манай арын хашаа. Тэднийхээс салаалчихгүй юу. Өдөр шөнө, өглөө орой ялгаагүй, түргэн дуудах гэсэн хүмүүс манайд ирнэ. Эсвэл, аавыг авч явна. “Цаана чинь эхнэр өвдөөд, за, болохоо байлаа шүү” гээд л үсрээд ороод ирэх энүүхэнд.

Авч явахдаа унаа тэрэгтэй ирнэ. Үзүүлж, харуулаад, хүүхэд төрчихвөл хашаанаасаа гаргаж өгөөд л баяртай гэх жишээний. Ах эгч нар ярьдаг юм. “Аав та ингэж яадаг юм, хаалгаа онгойлгож өгөхгүй байя” гэхээр “Эмчийн тангараг өргөсөн хүн тэгж ёстой болохгүй шүү” гээд л явдаг байсан тухай. Яахав, аавдаа хань болж хамт яваад нохой шуугиулаад л буцаж ирдэг байж дээ.

Хотын аваргаар дөрөвт орж байв

-Хашаандаа савлууртай, ширээний теннисний бандантай учир түүнтэй ноцолдоод үеийнхэн дундаа хөдөлгөөний эвсэл арай сайтай. Тийм болохоор долоо, наймдугаар ангидаа спорт тоглоомоор нэлээд хөөцөлдсөн. Сагсан бөмбөг, ширээний теннис, хөлбөмбөг гээд.

Гуравдугаар сургууль дээр Радио чимээ гэж дугуйлан хичээллэж байгааг дуулаад давхиад очлоо. Морз гэдэг хүний нэрээр нэрлэсэн долгионы спорт. Багш л “Энэ радио чимээгээр хичээллэсэн хүүхдийн ой тогтоолт сайжирдаг, хэл ус сурахад сайн болдог юм” гэхээр нь хэл сонирхдог байсныг хэлэх үү, амных нь аясыг дагачихгүй юу.

Ер нь би дунд ангидаа хэл, шугам зургийн хичээлдээ тун гайгүй байсан шүү. Тэгтэл удалгүй сургуулийн гимнастикийн секцэнд оруулчихдаг юм, хүчээр шахуу. Сургууль нэрээ бодоод раойны аваргад орох хэрэгтэй болтол хүүхэд байдаггүй. Шалгахад нь би сайн байж. Савлуур дээр байнга  тоглодог хүүхэд арай дөнгүүр байсан биз. Гимнастикийн хот, улсын аваргад оруулна гээд “Барилгачин” нийгэмлэг дээр аваачаад суулгачихна. Хичээлээс сарын хугацаатай чөлөөлөөд.

Гимнастикаар гаргасан хамгийн том амжилт минь хотын аваргын дөрөвдүгээр байрын шагнал. 

Менежерийн ажил тэр хавиас эхэлж байж

-Тэмцээн, уралдаан гэж “савлаад” долоо, наймдугаар ангид байхдаа хичээлдээ баахан муудаад дунд ч авч үздэг юм. Хичээлдээ муудсаны бас нэг шалтгаан нь ах эгч нар ахлах анги руу ороод түрүүчээсээ сургуулиа төгсөөд явчихаж байгаа юм. Миний гэрийн ажилд түлхүү оролцох үе ирж байгаа юм.

Усанд явна. Мөс авчирна. Түлээ хөрөөднө. Ээжийн албан газар түлээ өгөхгүй байж байж арав, арваннэгдүгээр сард нэг юм өгнө. Мод нь нойтон. Өнөөхийг дараагийнхаа дүүтэй хөрөөднө. Харин аав хөөцөлдөөд түлээгээ эрт авчихвал амар. Банзлаад хагалаад бэлдчихнэ. Өвөл амбаараас зөөж оруулахад л бэлэн болгоод хатаачихна.

За тэгээд, хоол бэлдэнэ. Дүү нараа удирдана. Эрх мэдэлтэй ч болж байгаа юм. “Дүү нараа сайн хараарай”, “Ажил хийлгээрэй” гэж аав ээж захиад ажилдаа явчихна. Бүүр жоохон дүү ажил хийхэд тааруу учир өмнөөс нь өөрөө хийнэ. Менежерийн ажил тэр хавиас эхэлж байж дээ, одоо бодоход.

Харин есдүгээр ангид орох үед халаагаа дүү нартаа өгч, хичээлдээ эргээд овоо болж ирсэн.

Бэлгээ авах гэж их яардаг сан

-Төрсөн өдрөө мэддэг ч тэмдэглэж байгаагүй. Гол баяр бол шинэ жил л байлаа. Гэр бүлийн баяр. Ватиканы лам нар сүмийнхээ үүдэнд мод зоогоод анх тэмдэглэсэн баяр шүү дээ.

Ах нар яваад Хайлааст, Чингэлтэйн уулнаас мод аваад ирнэ. Түүнийгээ гэртээ чимэглээд л бол оо. Цаасан гинж их хийдэг байв. Бүгдийг өөрсдөө. Гинжээ хийгээд будна. Хүүхэд болгон хоёр метр гинж хийж ирэх сургуулийн даалгавартай. Түүнээ хийнэ.

Аав ээж биднээр уут хийлгээд мандарин, алимтай бэлэг бэлэн болгоно. Шинэ жил болохоос хэд хоногийн өмнө. Түүнийгээ авахсан гэж дотроо яараад л. Өдөр хоног явж өгөхгүй хэцүү.

Цагаан сарыг бас гайгүй тэмдэглэдэг байв. Хориотой ч гэсэн. Цагаан сар гэхгүй “Малчдын баяр” гэдэг нэртэй. Битүүнд олон нийтийн лекцтэй, шинийн нэгэнд “Эрүүл агаар эм” гээд албан газрууд ажилчдаа уул руу аваад явчихна. Цагаан сарыг тэмдэглүүлэхгүй гэхдээ.

Аав минь настай хүн учир манайх цагаан сарыг чөлөөтэй тэмдэглэнэ. Настай, дотно хүнтэй айл манай хавьд олон. Хэсч бэлэг авна. Чихэр, оймс, нэгт, гуравтын дэвсгэрт, алга дүүрэн, өвөр дүүрэн, сэтгэл өег сайхан байж дээ. 

Үймүүлж сахилгагүйтэх эрх байгаагүй

-Ямар ч их цас ордог байсан юм бэ дээ, тэр үед.  Хүүхдүүдтэй нийлж өглөө гараад, гол дээр очиж баахан гулгаж гулгачихаад оройхон хоёр, гурван шуудай мөс чаргаар чирээд харьдаг сан.

Туранхай, жоохон хүүхэд байсан болохоор би барилдаж ноцолдох дуртай байгаагүй ээ.

Миний нэр А үсгээр эхэлдэг болохоор сургууль төгстөл журнал дээр хамгийн эхэнд бичигдсэн. Хамгийн түрүүнд дуудагдана. Хичээлдээ сайн бэлдэхгүй бол болдоггүй байв. Хамгийн урд, нүүрний ширээнд сууна. Үймүүлж сахилгагүйтэх эрхгүй. Самбар арчих, энэ тэрд багшид хамгийн түрүүнд зарагдана.

8-10 дугаар анги төгстөл анги удирдсан багш маань Бужилдай. Дэгжин, цэвэрхэн багш.  Уудаг цаас байдаг даа. Минийхийг хамгийн түрүүнд аваад ир гэнэ. Аваад очихоор ширээгээ арчуулна. Дараа нь сандлаа. Цонхны тавцан дээр цаас дэвсээд гоё малгайг нь тавина. Нэг талаараа энэ нь нямбай болоход сургаж байсан байгаа юм. Сүүлдээ манай ангийнхан бүгдээрээ ширээгээ, сандлаа арчиж суудаг болж билээ.

Нэг эмч, нэг хуульч заавал байх ёстой

-Наймдугаар ангид байхад юмдаг. Аав нэг өдөр “Миний хүү, хуульч бол” гээд. Хуульч гэдгийг сонсоод замын цагдаа л санаанд бууж байгаа юм чинь, үнэндээ. “Та хэдийн дунд нэг эмч, нэг хуульч заавал байх ёстой. Бусад нь өвдөж зовоход эмчилдэг нэг эмч, олны дунд бусдадаа чиг зүг болж явдаг нэг хуульч байх хэрэгтэй. Хүн болгон хуулийг мэдэж байх ёстой. Мөрдөж хэрэгжүүлдэг байх ёстой. Түүнийг нь сануулж зааж зурдаг хүн заавал хэрэг болно” гэдэг юм.

Миний дээд талын эгчийг есдүгээр ангид байх үеэс нь л эмч бол гэж ятгаж эхэлсэн юм билээ, сүүлд сонсоход. Тэгээд намайг хуульч болгохоор шийдээ юм биз.

Уг нь би аав шигээ эмч, эсвэл том ах шигээ архитекторч болно л гэж дотроо боддог байсан юм. Манайхан дипломатч, орос хэлний багш, монгол хэлний багш, биологич, барилгын инженер гээд бүгд л өөр өөр мэргэжил эзэмшсэн.

“...байж байгаарай, шалгалт авна...”

-Арав төгсөх дөхөөд байдаг. Хуулийн сургуульд орох уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй байдаг. Тэгтэл ийм явдал болдог юм.

Сургуулийн захиргаанд “дээрээс” нэг бичиг ирсэн гэж дуудаад танилцуулав. Хуулбар үнэн гэсэн тэр бичигт “Таны хүсэлтийн дагуу хуульчийн нэг хуваарийг танай 17 дугаар сургуульд хуваариллаа. Танай хүүхэд сайн бэлтгэж байгаад Хуулийн сургуульд орох хэрэгтэй” гэсэн утга бүхий зүйл бичсэн байв.

Тэгэхнээ нь аав минь хотын захын сургуульд хуульчийн ангийн хуваарь ирэх нь бараг үгүй биз гэж бодоод тухайн үеийн Ардын боловсролын яамны хэлтсийн дарга Цоодол гэдэг хүнд захиа бичсэн байдаг байгаа. “Миний хүү хуульч болох чин хүсэлтэй учир 17 дугаар сургуульд хуулийн ангийн хуваарь ирүүлж өгөхийг хүсч байна” гэж.

Төд удалгүй араваа ч төгслөө. Хуулийн ангийн хуваарь ч ирлээ. Тэр жил арав төгссөн 120 хүүхдийг сурлагаар нь жагсаахад би гуравт орж.  Тэгтэл сургуулийн үүдэнд нэг зарлал гарсан байв. “Сурлагаараа эхний тавд орсон хүүхдүүд байж байгаарай. Шалгалт авна, тэнцвэл гадаадад сургуульд явуулна” гээд биччихэж. Гэнэт гадаад явмаар санагдаад. Гэр рүүгээ харайлгачихлаа. Аавдаа хэлтэл таг. Дуугаа хураачихдаг юм. Тэгж тэгж “Чи аав ээждээ тусална гэж байхгүй. Ирэх ч үгүй. Хуулийн хүн болж хэдэн ах дүү нартаа тусалж яваг л гэж бодсон юм” гээд.

Сургууль дээрээ буцаж ирэхэд нөгөө гадаадад явуулах шалгалт ч байхгүй, хуваарь ч аль хэдийнэ “эзнээ олсон” байв. Нэг даргын хүүхэд л авчихаа байлгүй. Ингээд л Их сургуулийн хуулийн ангид орж, өөрийн хүслээр биш, аавынхаа захиасаар хуульч болох замыг сонгосон хүн дээ, би...

Сэтгүүлч Ц.ГАЛБАДРАХ

Эх сурвалж:

ХУУЛЬЧ NEWS сэтгүүл 2015 он №02