Хуульч ньюс сэтгүүлийн зөвшөөрөлтэйгээр "Би багадаа" цувралаас Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Ш.ЭНХБАТ

Би багадаа

Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Ш.ЭНХБАТ:

                                                                                                                          ӨВГӨН УЯАЧ УУРГЫН ХУЙВААР ШАГНАСАН

   Хурандаа Шинэнгийн Энхбат Монголын цагдаагийн байгууллагаас төрсөн 18 дахь гавьяат хуульч. Дээд сургууль төгсөөд удаагүй л удирдах ажилд дэвшсэн энэ эрхэм Дундговь, Архангай, Төв аймаг, нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажилласан байдаг.

“Би өөрийнхөө сайнд биш, хамт олныхоо буянд л гавьяат болсон хүн” хэмээн  ярих дуртай  хурандаа хүүхэд насаа ийн дурсах авай.

   Анжис хөллөсөн үхрийн хөтлөгч байлаа

-Миний унаган нутаг Булган аймгийн Хутаг-Өндөр. Сэлэнгэ мөрний хөвөөнд өссөн хүн дээ, би. Бар жилтэй. Зургаан хүүхэдтэй айлын отгон хүү. Манайх арваад үхэртэй, 30-аад хонь, ямаатай, унааны хэдэн морьтой жирийн л айл. Сүргийн нугын элстэйд өвөлжөөд, Могойн голын хавиар зусна. Аав минь сүү, тосны заводын эрлийз үүлдрийн бух маллаж, ээж нэгдлийн олон үнээ саана.

Хөдөөний хүүхэд хөлд орсон цагаасаа л тусад ордог хойно, үнээ ивэлгэх, тугал татах, хурга, ишиг эргүүлэх гээд надад ажил мундахгүй. Манай нутгийнхан будаа их тарина. Ямар сайндаа л “Булганыхан будилаантай, будаан дээрээ зодоонтой” гэсэн үг гарч байхав.

Аав өвөлжөөнөөс нүүхийн өмнөхөн газраа хагалдаг сан. Анжис хөллөсөн үхрийг нь би хөтлөн аав хойноос анжисаа чиглүүлэн явах. Тэгээд Нарийний голоос шуудуу татан газраа усалдаг байлаа. Өдөр нь гэртээ харьж, ээжийн чанасан цай, өрөм, ааруулыг авчран аавынхаа хамт цайлж суух яасан жаргалтай байж вэ. Намар нь тариагаа хурааж,  өвөлжөөний ойролцоо нүх ухаад будааг  хэсэг хэсгээр хийгээд булчихна. Үүцэлж байгаа нь тэр. Тэгээд өвөл, хаврын турш шинэ будаа иддэг сэн. 

   Аавтай хамт ээжид ороолгуулах энүүхэнд

-Би эрх байлгүй яахав. Аав, ээжийнхээ ганц амь нь. Миний аав үг дуу цөөтэй, зөөлөн талдаа бол  ээж хэлэх гэснээ хэн бугайгаас ч айхгүй хэлдэг, ажилд гялалзуур, хөдөлмөрч. Буруу хэрэг хийвэл аав барагтайд дуугарахгүй, харин ээжээс л жавтий хүртэнэ шүү дээ. Намайг зодох гэхээр нь би ч “аварлын бурхан” аавынхаа араар л годхийгээд орох. Тэгэхээр  аав, бид хоёрыг ээж ташраар нь суран аргамжаар ороолгох энүүхэнд.

Их аж ахуйч хүн л дээ, манай аав. Мөнгөө арьсаар хийсэн бааданд нямбайлан боогоод авдрандаа хийчихнэ. Агент ирэхээр ээж ааваас мөнгө авах гэж багагүй цаг барж үглэдэг сэн. Аав тамхиа татан тайван гэгч сууж байснаа аажуухан хөдөлж авдраа уудлан мөнгө гаргаж ирнэ. Тэгэхдээ “Миний хүү чихэр авч идээрэй” гэж хоёр, гурван төгрөг заавал өгнө дөө.

   “Таван онцын эзэн” байв

-Манай Хантай сумыг Хутаг-Өндөртэй  нийлүүлээд Хантайг баг болгосон түүхтэй. Би 1958 онд нэгдүгээр ангидаа Хишиг-Өндөрт  суугаад хоёрдугаар ангиасаа Хантай руу   шилжсэн юм. Сургуулийн байр том том пийшинтэй, байнгын галлагаатай. Үзэгний бэх царцчихаар нь биендээ нааж бүлээцүүлж байгаад л бичнэ шүү дээ.

Дотуур байранд болохоор гэрээ их санана. Өлсөнө. Гуанзныхан өдөр адууны мах чанаж өгөхөөр нь хагасыг нь дэрний уутандаа хийгээд байрандаа аваад ирэх. Адууны махны үнэр, тос гэж сүрхий шүү дээ. Шөнө нөгөө тос шингэсэн уутаа дэрлээд унтахаар ямар юм болох нь ойлгомжтой. Бөөн тос үнэртүүлсэн амьтан л явдаг сан. 

Би дөрөвдүгээр ангид ортлоо хичээлдээ сайн байсан. “Таван онцын эзэн” байлаа. Цанаар их гулгана. Ширээний теннисийг сонирхох хэмжээнд. Ер нь би дуу цөөтэй, охидыг шоглох, хичээл үймүүлэхийг мэдэхгүй, хөвгүүдтэй зодолдож чаддаггүй, томоотой, мөрөөрөө л явдаг хүүхэд байсан даа. Овсгоо, самбаа муутай болохоор охидыг эргүүлэх, энэ тэр тал дээр тааруу, тааруу.

   “Дахиад хэзээ ч тамхи татахгүй”

-Сүүн заводын үнээг айлууд ээлжээр хариулдаг байв. Зургадугаар ангиа төгссөн жил юмдаг. А.Бадамдорж, Х.Бадам бид гурав үхэр хариулж яваа нэгэн дээрээ давхин очиж, тамхи татдаг байлаа. Аавын ууттай дүнснээс “шомбодож”, “мамбаса”-ны хайрцагт хийгээд өвөрлөчихнө. Тэгээд хөдөө хүнгүй эзгүйд сонины цаасанд ороосон шигээ баагиулж өгнө дөө.

Тэгтэл нэг өдөр хэрэг бишидлээ. Аав гаансандаа тамхи нэрж байснаа  “Миний хүү наашаа суу” гээд гаансаа өгдөг байгаа. Би ч толгойгоо илээд “Үгүй” гэтэл “Аав нь мэднэ ээ, хөдөө гадаа нууж татаж байж түймэр тавьбал яана. Түүний оронд нуулгүй татаж бай” гэхэд нь нүүр халуу оргиод ичсэндээ гэрээсээ шурдхийгээд л гарахаас өөр арга байгаагүй. Тэгээд тэр эрчиндээ мордоод нөгөө хоёр найз дээрээ цахилж очоод  “Аав мэдчихэж. Би өнөөдрөөс хойш хэзээ ч тамхи татахгүй” гэж андгайлж билээ.

Аавыг тэгж хэлээгүй, шууд зэмлэж, эсвэл гар хүрсэн бол өширхөөд нууцаар татсаар л байх байсан даа гэж одоо бодогддог юм. Тэр мундаг ухааны хүчээр л  тамхинаас гарсан даа.

   Ахын тоомсогтой хээр хонох дөхсөн

-Багаасаа морь унаж сурсан. Хавь ойрын айлуудын морийг унаж, наадамд зөндөө уралдсан шүү. Багийн дарга Лхагваа ахынх хурдан  хар морьтой. Хоёрдугаар ангид байхдаа түүнийг унаж, Майн баяраар түрүүлж байлаа. Мөн Шагдар гуайн хээр морийг сумын наадамд айрагдуулсан. Тэгэхэд өвгөн уяач ихэд баярлан бугын хүзүүний арьсаар хийсэн уургын хуйв, гурван төгрөгийн хамтаар шагнаж билээ.

Би хурдны морь унахын бөөн хүслэн. Хөдөөний хүүхэд зуны амралтаар  тэр бүр сумын төв орохгүй шүү дээ. Тийм болохоор төв орж, наадмаар хуушуур авч идэх мөн ч сайхан шүү. Ах минь манай сумын зэргэлдээх Тэшигээс тоомсог морь худалдаж авчирсан юмдаг. Том биетэй тэр сайхан амьтан наадмаар намайг золтой л явган алхуулаагүй.

Гараанаас дөнгөж эргээд л явахаа больчихдог байгаа. Ёстой л бөөн уур, нулимс бөмбөрүүлээд  л гэлдрүүлчихсэн. Багын л өсгөлүүн биетэй байсан учир зургадугаар ангид орох жилээсээ л хурдны моринд хүнддээд хасагдсан даа.

   “Манай анги түрүүлнэ” гэсэн чинь…

-Хичээлээс түүх, уранзохиолд гайгүй. Урлагт бол ёстой “А” ч байхгүй. Наймдугаар ангид байхад манай ангийн багш урлагийн үзлэгээр “Лоолой” гэдэг дууг жүжигчилсэн хэлбэрээр тоглуулах юм боллоо. Тэгэхэд л ганц удаа хоорт зогсч үзсэн удаатай. Багш “Манай анги гарцаагүй түрүүлнэ” л гээд байсан чинь талаар болсон. Юун түрүүлэх, харин ч сургуулийн захиргаанаас “Ямар ч үзэл сурталгүй, хоцрогдсон дууг хүүхдүүдээр дуулууллаа” гээд зэм хүртсэн гэсэн, муу багш минь.

Сумын долоон жилийн сургуулийг төгсөөд аймгийн арван жилд очсон. Тэгэхэд эгчийндээ суудаг байлаа. Энхтуяа эгч минь сүүлд гавьяат багш болсон л доо. Хүргэн ахыг Батбаяр гэх. Орос хэлний багш. Миний амьдралын замыг зааж өгсөн гол хүн дээ.

Аравдугаар ангиа төгсөөд би ХААИС-ийн тэжээл бэлтгэлийн ангийн хуваарь авсан юм. Гэтэл Батбаяр ах “За миний дүү, овсгоо, самбаа муутай чам шиг хүнийг цэрэгт татчихна. Харин түүний оронд шууд цэргийн сургуульд орсон чинь дээр” гээд. Тэгээд л Цэргийн ерөнхий дээд сургуульд элссэн юм даа...

Сэтгүүлч Ц.ГАЛБАДРАХ

Эх сурвалж:

ХУУЛЬЧ NEWS сэтгүүл 2015 он, №03