ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ ЧУУЛАВ
- ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ
Дэлхийн эдийн засгийн форум нь дэлхийн нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор улс орнуудын удирдагчид, төр, нийтийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид, бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотой чуулдаг.
Швейцарийн Давос хотноо 2017 оны 01-р сарын 17- 20-ны хооронд зохион байгуулагдаж буй Дэлхийн Эдийн Засгийн форум-д Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон бусад төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд энэ чуулганаар хэлэлцэгдэж буй гол 5 асуудлыг товчхон хөндье.
- Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал
Энэхүү асуудлаар хиймэл оюун ухаан, зүйлсийн интернет, 3D принтинг зэрэг шинэ технологийн ачаар хүн төрөлхтөний амьдралын хэв маяг, бизнесийн орчинд томоохон өөрчлөлтүүд гарсаар байгааг онцолжээ. 2017 онд эдгээр техник, технологи нь улам илүү хөгжиж, бидний амьдралд улам бүр нэвтэрч буйг анхааралдаа авч энэхүү өөрчлөлтөнд өнөөгийн нийгэм хэрхэн тусах, хэрхэн хамгийн зөвөөр хүлээн авч, үр ашигтайгаар ашиглах тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Олон улсын засаглалын систем
Технологийн дэвшил дэлхийд улам даяарчилж буйтай холбоотой хил хязгааргүй мэт зах зээлийн энэ нийгэмд улс орнууд хэрхэн хамтран орших, дайны дараа тогтсон олон улсын харилцааны гол "дүрмүүд" өнөөгийн нийгмийн хөгжилтэй яаж тусгалаа олох, улс орнууд хамтын ажиллагаагаа хэрхэн хамгийн үр ашигтай түвшинд авчрах, дэлхий дахинд шинэ шийдэл хэрэгтэй эсэх, төр, олон нийт, хувийн секторын хоорондын хамтын ажиллагаа урд жилүүдээс илүү үгүйлэгдэж буй зэрэг нь энэ сэдвийн үндсэн асуудал болж байна.
- Эдийн засгийн өсөлтийг сэргээх
Энэ хүрээнд хэлэлцэх гол асуудлуудад дэлхийн эдийн засгийн өсөлтийг хэрхэн эргүүлэн сэргээх, улс орнуудын хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг хэрхэн бий болгох, 2050 он гэхэд 9,4 тэрбумд хүрэх дэлхийн хүн амыг ажлын байраар хэрхэн хангах, технологийн дэвшилтэй зэрэгцэн бий болох "бүтцийн ажилгүйдлийн асуудлыг" хэрхэн шийдэх, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг аж үйлдвэржилттэй хэрхэн зохицуулах зэргийг багтаажээ.
4. Капитализмыг дахин тодорхойлох
Энд зах зээлийн эдийн засгийн сөрөг үр дагаврыг хэрхэн хамгийн бага түвшинд хадгалах, одоог хүртэл тэгш бус байдал тасралтгүй өсч байгааг хэрхэн зогсоох, нийтээрээ эдийн засгийн өсөлтөнд хэрхэн хүрэх, нийгмийн сайн сайхан байдал болон баялгийн шударга хуваарилалтыг хэрхэн хангах, нийгэм болон бизнест ашигтай бизнес моделийг хэрхэн хэвшүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр хамруулсан байна
5. Нийгмийн шинэ нормыг бий болгох
Маш богино хугацаанд хурдацтай өөрчлөгдөж буй нийгмийн амьдралд олон нийгмийн итгэл үнэмшил, үнэт зүйлс өөр зүйлсээр солигдож, үе үеийн хооронд ойлголцлын зөрүү үүсэхүйц нөхцөл байдал бий болж байгаад дундын үнэт зүйлс, нийгмийн шинэ нормыг хэрхэн хамгийн зөвөөр тодорхойлох, үндэстэн, нийгмийн ялгарлыг хэрхэн бий болгох зэрэг асуудлыг авч хэлэлцэж байна.
Эх сурвалж: Unread.today