ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Улсын их хурлын гишүүн Л.Цог, Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ нар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид 2013-10-10-ны өдөр өргөн барив.

Хуулийн төсөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй, өөрийн шууд асрамжинд байгаа арван найм хүртэл насны хагас өнчин хүүхэдтэй эрэгтэй, болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн хүмүүсийн эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгажээ.

Зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд хамруулахгүй байхаар заасан бөгөөд энэхүү заалт нь насанд хүрээгүй хүмүүст хамаарахгүй байхаар тусгасан байна.