ТАХАРЫН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАВ
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Маршалын албаны тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар баталлаа. Энэ хууль нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.
УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр агуулгын хувьд маргаантай асуудал гараагүй боловч “Маршал” гэх нэршлийг хэрхэх талаар санал зөрөлдсөний эцэст чуулганы хуралдаанд олонхийн саналаар “Маршалын албаны тухай” гэсэн хуулийн нэрийг өөрчлөн “Тахарын албаны тухай хууль” болов.
Нийт 6 бүлэг 38 зүйлтэй уг хуулиар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, шүүгдэгч, ялтаныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий Монгол улсын Тахарын албаны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, Тахарын албан хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулсан юм.