ГХУСАЗЗ-ИЙН ДЭРГЭД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮҮРЭГ БҮХИЙ ДЭД ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгаалллын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах Дэд зөвлөл Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдлаа. Бүрэлдэхүүнд: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Хууль сахиулах их сургууль болон гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтсан байна.
Дэд зөвлөл нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр хуралдлаа. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газраас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Мөн гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд заагдсан чиг үүрэг, хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцын тухай танилцуулга мэдээлэл хийсэн байна. Түүнчлэн дэд зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Тэрчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дагаж гарах зарим журмын төсөлтэй танилцаж, санал өгсөн байна.
Эх сурвалж: mojha.gov.mn