ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ, ОРОН НУТГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ

    ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр Шүүхийн шинжилгээний удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үүрэг чиглэл өглөө. Тэрээр энэ 2017 оныг хууль зүй, дотоод хэргийн салбар “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан Шүүхийн шинжилгээний байгууллага Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг,  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж үйлчилгээгээ иргэдэд илүү ойртуулахад анхаарч ажиллахыг даалгалаа. Мөн шинжээчийн дүгнэлт маргаангүй  зөв байж гэмээнэ иргэдийн Шүүхийн шинжилгээний байгууллагад төдийгүй төрд итгэх итгэл үнэмшил дээшилнэ гэдгийг сануулсан юм.

    Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Шүүхийн шинжилгээний чанарыг дээшлүүлж, “Бүртгэл, мэдээлэл, лавлагааны үндэсний нэгдсэн систем” байгуулах, дижитал судлал, инженер техникийн болон гэмт хэрэгтний сэтгэл зүйн шинжилгээний лабораториудыг байгуулах зэрэг томоохон ажлыг нарийн  тооцоо судалгаанд суурилан хийж гүйцэтгэхийг чиглэл болгов.

    Түүний зэрэгцээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан гарсантай холбогдуулан Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй “ Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг өргөтгөх, ижил чиг үүргийн байгууллага хоорондын ажлын уялдааг сайжруулах талаар ХЗДХ-ийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийг танилцуулсан юм.

    Дашрамд дурдахад өнгөрсөн 4 жилд Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчдад хувцасны хангалт огт хийгдээгүй байсныг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт түрүү жилийн төсвийн тодотгол болон энэ оны улсын төсөвт оруулж батлуулсан юм.

    Тэгвэл ХЗДХ-ийн дэд сайд алба хаагчдын хувцас болон зарим шаардлагатай техник хэрэгслийн дээжийг гардуулж, ажил үүрэгт нь өндөр амжилт хүслээ.