Хуульд нэмэлт өөрчлөлт оров
2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж уг өөрчлөлтөөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний хоёр тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан хоёр цэргийн алба хаагчийн авч байсан цалин хөлсний нийлбэрээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хувь хэмжээгээр бодож тогтоохоор тусгажээ. Түүнчлэн Цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгохтой холбогдсон үйл ажиллагааны зардлыг энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр гүйцэтгэж байгаа байгууллагад улсын төсвөөс олгох бөгөөд нэг тэтгэвэр авагчид ногдох үйл ажиллагааны зардлын хэмжээг талууд гэрээгээр харилцан тохиролцоно хэмээн хуульд заасан байна.