ПРОКУРОРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт 2017.04.18-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найрууллагын төслийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.1-т: “Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш, шударгаар үйлчлэх эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлнэ” гэж, 5.4.10-т: “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд бүрэн шилжүүлэх, цагдан хорих байрны нөхцөлийг хүний жам ёсны эрхэд нийцүүлэх, ял эдлүүлэх ажиллагаанд цахим болон телекамерын хяналтын системийг нэвтрүүлэх, ялтныг хөдөлмөрт бүрэн хамруулах, иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зарим ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэх замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шинэтгэнэ” гэж заасныг үндэслэн боловсруулсан байна.
Тус хуулийн төсөл нь нийтдээ 27 бүлэг 302 зүйл заалтаас бүрдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.
Харин Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим нэр томъёог оновчтой болгох, Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, прокурор үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулж боловсруулсан гэжээ.
Хуулийн төслийг боловсруулахдаа тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, хэрэгжихүйц байхаар, байгууллагын тогтолцоог хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах боломжтой байхаар, түүнчлэн прокурорын зэрэг дэвийг албан тушаал, ажилласан жил, ур чадвараас хамаардаг байхаар шинээр тусгаж, туслах прокурор, туслах ажилтан, дүүргийн прокурор зэрэг зарим ойлгомжгүй нэр томъёог шинээр тусгахдаа туслах прокурор нь зөвхөн Улсын ерөнхий прокурорын газарт байхаар зохицуулсан байна.
Тус хуулийн төсөл нь нийтдээ 8 бүлэг 70 зүйл заалтаас бүрдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.