УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ БАТАЛЛАА

   Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 19 минутад гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр эхэлж,  гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсний нэг нь  Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалд дурдсанаар усан замын тээврийн үйлчилгээг аялал жуулчлалын зорилгоор эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа жилээс жилд нэмэгдэж, түүнд хамрагдах иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр усан хүний амь нас осолдох эрсдэл сүүлийн жилүүдэд ихэсч байгаа нь өнөөгийн усан замын тээврийн хяналтын тогтолцоо сул, хүний нөөц хүрэлцэхгүй байгаатай холбоотой гэж үзсэж хуулийн төслийн доорх зохицуулалтыг онцолсон байна.

“Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөвөлт хийх улирлын нээх, хаах хугацааг хуулиар зохицуулж өгсөн. Мөн энэ чиглэлээр ажиллах байцаагчийн тоог нэмэх, хөвөлтөд гарах нэгж нь цаг агаарын мэдээллийг урьдчилж авах үүрэг хүлээлгэсэн. Мөн гол, мөрөн, нууртай  нутгийн захиргааны удирдлага нь хөвөлтийн улиралд Онцгой байдлын нэгж болон Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газартай хамтран байнгын бус ажиллагаатай аврах багийг  ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн” гэдгийг онцлог гэж үзжээ.

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи батлах нь зүйтэй гэж дэмжсэн байна.