НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛЛАГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

    Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найрууллагын төслийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүллээ. Тус хуулийн төсөл нь нийт 6 бүлэг 39 зүйлээс бүрдсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцааг бусад хуулиудаар зохицуулж байгааг нэг мөр болгох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй, ил тод удирдах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор санаачлан боловсруулжээ.

    Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, даатгуулагчид учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг  хуваалцах зорилгоор нийгмийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих болон нийгмийн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох харилцаа зэргийг тусгаснаар өмнөх хуулиас онцлогтой болсон байна.  

Хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар гарна гэж төсөл санаачлагчид үзжээ.Үүнд:

  • Тэтгэврийн нэг давхаргат тогтолцооноос олон давхаргат тогтолцоонд шилжих суурь эрх зүйн үндэс бүрдэнэ;
  • Тэтгэврийн насны өөрчлөлтийг даатгуулагчид эрсдэл бага учруулахуйц байдлаар хэрэгжүүлж, зохион байгуулах нөхцөл бүрдэнэ;
  • Нийгмийн даатгалын хамрах хүрээ, ялангуяа албан журмын даатгалын хамрах хүрээ өргөжинө;
  • Сангийн чөлөөт үлдэгдэл хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах боломж бүрдэнэ;
  • Ахмад настны орлого нэмэгдэж, амьдралын баталгаа сайжирна;
  • Нийгмийн даатгалын засаглал, нийгмийн даатгалын үйлчилгээ, ажлын уялдаа холбоо сайжирч, нийгмийн даатгалын байгууллага, ажилтны эрхлэх чиг үүрэг, эдлэх эрх тодорхой болж, ажлын чанар,  чадавхи сайжирна гэж үзжээ.