БҮРЭН ХЭРЭГЖИХ БОЛОМЖТОЙ ХУУЛЬ БҮТЭЭГЧИЙГ Л ХУУЛЬЧ ГЭНЭ

"Хуульч news" сэтгүүлийн 2015 оны №3 (4) дугаарт нийтлэгдсэн Монголын төр, нийгмийн нөлөө бүхий зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, Гадаад хэргийн сайд асан, нэрт орчуулагч Ц.Гомбосүрэнгийн ярилцлагыг хүргүүлж байна. 

Монголын төр, нийгмийн нөлөө бүхий зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, оюун санааны их хөтөч бол Гадаад хэргийн сайд асан, нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн бөлгөө.

Цаг үе, нийгмийн амьдралын хэмнэл, хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар түүний үзэл бодол, байр суурь, дуу хоолойг сонсохыг хүсдэг, хүлээн зөвшөөрдөг бүхэл бүтэн давхарга буй гэдэгт хэн ч үл эргэлзэнэ.

Ф.М.Достоевскийн “Солиот”, Орхан Памухын “Хар домог” роман... гээд олон арван сонгодог туурвилыг эх хэлнээ хөрвүүлсэн соён гэгээрүүлэгч энэ эрхэмтэй эрх зүйн сэдвээр цөөн хором хөөрөлдөв.

 

-Төр улсыг эрэлхэг цэргүүдээс гадна эрдэм чадалтай хуульчид хамгаалдаг гэж Францын нэгэн төрийн зүтгэлтэн, нэртэй хуульч бичсэн байх юм. Энэ үнэн үү. Үнэн бол Монголын хуульчид эх орноо хэрхэн хамгаалж байгаа бол?

-Төр, улс гэж уул нь хоёр өөр ухагдахуун. Тийм учраас тэр франц хүн яг юу гэж хэлсэн бол, хэлснийг нь яаж орчуулсан бол гэж эхлээд бодогдож байна.

Эрэлхэг цэрэг улс, эх орноо хамгаалдаг гэснийг би бол гадны дайсантай холбож ойлгоно. Энэ үүднээс хандвал хуульчид улс орныхоо эрх ашгийг хуулиар хамгаалах ёстой гэж хэлмээр байна. Гадаад харилцааны асуудалтай холбогдсон цөөнгүй хууль гардгийн учир үүнийг хэлж байна.

Нөгөөтэйгүүр, хуульч, хууль тогтоогч гэсэн зарим талаар арай өөр ойлголт бий. Хууль тогтоогчид ажил үйлсээрээ улс орны эрх ашигтай илүү холбоотой. Манайд сүүлийн жилүүдэд гарсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай, уул уурхайн тухай гэх зэрэг хууль улс орны эрх ашгийг сайтар бодолцоогүй нь тодорхой болж, засч залруулахдаа хүрч байсан. Ингээд бодвол улс орныхоо эрх ашгийг сайн хамгаалж байгаа гэж сэтгэл хоёрдохгүй хэлэх боломж барагтайхан байна.

-Төр бол хоосон чанар гэж ярьдаг, хэлдэг. Тэгвэл төрийн мөн чанар нь юу вэ, таныхаар...?

-Төр хоосон чанар гэж ямар утгаар хэлдгийг би мэдэхгүй. Төрийн мөн чанар бол ард түмнээ хамгаалах, амар жимэр аж төрүүлэх, хөгжиж дэвжих нөхцлийг хангаж байх явдал. Энэ миний үг биш, мэргэдийн үг.

Саяхан манай энэ УИХ зүгийнхэн хуулиудынхаа хэрэгжилтийг шалгаж хянаж нэг судалгаа гаргажээ дээ. Ямар хэмжүүр, шалгуур ашигласныг мэдэхгүй.

Гэтэл хэрэгжилт нь 30-70 хувь гэж гарсан байна. Зарим хуулийн хэрэгжилт 30, заримынх нь хэрэгжилт 70 хувь байх нь. Энэ бол төр маш сулхан байгаагийн илэрхийлэл. Төр хэзээ хүчтэй байдаг вэ гэвэл 10 хуультай гэж үзвэл тэднийгээ бүгдийг нь 100 хувь хэрэгжүүлж чаддаг байвал л хүчтэй. Түүнээс бус, 30 хувийн хэрэгжилттэй 1000 хуультай байх нь хүчтэй төрийн шинж биш.

Хууль бол бүх заалт нь 100 хувь хэрэгждэг, тэр хуулийг 100 хүн байлаа гэхэд 100-гуулаа биелүүлдэг л байх ёстой. Саяын судалгааг аль ч талаас нь харсан хуулийн хэрэгжилт тун базаахгүй байгаа хэрэг.

-Хуулийн заалтын агуулга, язгуур мөн чанарыг тайлбарлаж чаддаг хүнийг л хуульч гэнэ гэж нэгэн эрхэм хэлжээ. Харин таныхаар хуульч гэж чухам ямар хүнийг хэлэх вэ?

-Аливаа хууль нийгмийн харилцааг зохицуулах үүрэгтэй учраас бүрэн хэрэгжих боломжтой хууль бүтээгчийг л хуульч гэх байх.

Хууль бол тэнгэрийн зарлиг биш, хуулийг хүн зохиодог учраас түүнийг тайлбарлах нь хүний толгой хүрч цөхөөд байх ажил биш.

-Хуульч хүний бахархал юу байвал зохилтой вэ?

-Хууль бол тов тодорхой, яг хэрэгжүүлэх заалтууд л байх ёстой. Зохиосон хууль нь ёсчлон хэрэгжиж байх явдал чухал. Өөрөөр хэлбэл, урвуулан ашиглах, мушгин гуйвуулах боломжгүй байх явдал чухал.

Ер нь бол хуулийн өмнө иргэд нь эрх тэгш байж чадаж байвал ёстой бахархал нь тэр болох байх, хуульч хүний.

-Бахархмаар, үгийг нь сонсмоор, үлгэр дууриал болгомоор хуульч Монголд хэр олон байна вэ?

-Тийм хуульчид байгаа байх. Би хуульчдыг сайн мэдэхгүй. Таны асуултыг сонсонгуут талийгаач Бяраагийн Чимид л бодогдож байна даа.

-Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зайтай гэж ярьдаг. Шударга байна гэдэг үнэн байхын нэр байх. Гэвч өөрийгөө шударга гэж дуугарч байгаа болгоны үг, үйлдэл  худал байх нь элбэг болсон мэт. Үнэн хаа явна вэ? Үнэний хязгаар хаа байдаг юм бол оо?

-Уул нь үнэн, ялангуяа чин үнэн ганцхан байх ёстой байх. Гэтэл одоо бараг хүн болгон (эрх мэдэлтнүүд) үнэнийг эрхшээгчийн дүрд тоглож байна. Энэ бол олон ургальч үзэлтэй огт хамаагүй, үнэхээр тоогүй хэрэг.

Тэгж бодохоор үнэн хаа нэгтээ тэнэж явна уу гэлтэй.

-Ардчилсан төртэй боллоо, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг сайхан цаг ирлээ гэсэн. Гэтэл сүүлийн үед хүмүүс чанга дуугарч чадахаа байгаад шивнэдэг боллоо. Яагаад шивнэж ярихад хүрэв ээ. Энэ ардчиллын явдал мөн үү?

-Үнэхээр шивнэлдэхдээ хүрч байгаа бол захиргаадалтын мангас хүч “газар авах” шинжтэй болж байгаа хэрэг.

Нөгөөтэйгүүр солиорч хашгиралдах явдал ч элбэг байна. Аль аль нь ардчиллыг тамирдуулахын л дохио доо.

-Хууль батлагдлаа л гэх юм. Төдхөн нэмэлт өөрчлөлт орууллаа л гэх юм. Юу нь өөрчлөгдөөд, юу нь нэмэгдэж хасагдаад байгааг ялгах аргагүй л юм болоод байх шиг. Та анзаарахгүй байна гэж үгүй дээ, нэгэн цагт Гадаад хэргийн сайдын албыг хашиж явсан хүн болохоор?

-...

-Баян ядуу гэсэн эсрэг тэсрэг ойлголт байна. Хүн болгон шахуу баяныг үзэн ядаж, муу муухайгаар нь дууддаг. Тэгсэн мөртлөө бүгд баян болох гэж мөрөөдөөд зүтгээд байдаг. Шүүмжлэл мөрөөдөл хоёрын зааг ялгаа гэж байна уу?

-Атаа жөтөө гэж ёрын муухай шинж ч юм уу, зан ч юм уу, нэг юм байна. Өөрийн шүүмжлэл л мөрөөдлөө биелүүлэх нэг сайн арга гэж хэлж болно. Би тэгж боддог.

- Гэрийн баянаас

Хээрийн баян... гэж ардын үг бий. Энэ дөрвөн үгийн цаана чухам ямар утга санаа агуулагдаж байдгийг эдүгээ цагийнханд “орчуулж” хэлж өгнө үү?

-Сайхан үг байна. Би анх удаа сонсч байгаа учраас утга учрыг нь шууд хэлж, тайлбарлаж  чадашгүй нь. Цэцэрхээд яахав дээ.

-Хуулийн шинэчлэл, шүүх, эрх мэдлийн шинэчлэл гэж дээр доргүй ярьж байна. Хуульчаа шинэчлэх асуудал энд багтаж байгаа болов уу?

-Хуульчийн мэдлэг боловсрол, дадлага туршлага, арга барилыг дээшлүүлэх зорилт байнгынх байж таарна. Мөн нэгээхэн чухал асуудал бол хуульчийн ёс суртахуун, мэргэжлийн жудаг.

Хуульчийг шинэчлэх гэдэг хэллэг байдаг бол би сая дурдсантай л холбож ойлгоно.

Ц.ГАЛБАДРАХ

 

“Хуульч news сэтгүүл.

2015 он №03 (04)