Би багадаа цуврал Гавьяат хуульч Т.ЖАДАМБАА: Тэмээний бэлчээрт гоё үлгэр олныг сонссон
Би багадаа
Гавьяат хуульч Т.ЖАДАМБАА: Тэмээний бэлчээрт гоё үлгэр олныг сонссон
МУИС-ийн хуулийн ангийн 1976 оны төгсөгчдөөс гурван гавьяат хуульч төрсөн байдаг. Гавьяат хуульч, шүүгч Б.Сарантуяа, гавьяат хуульч, өмгөөлөгч Г.Оюунцэцэг, гавьяат хуульч, прокурор Т.Жадамбаа нар нэг ангийнхан.
Түмэнгийн Жадамбаа хуульчийн мэргэжил эзэмшсэнээсээ хойш прокурорын албанд хоёргүй сэтгэл өвөрлөн нэгэн насаараа зүтгэсэн байдаг. Өдгөө Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны шинжээчээр ажиллаж буй гавьяат хуульч бага насаа ийн дурсах авай.
Намайг ханын нүдээр гаргаж хүнд өргүүлсэн гэдэг
-Улирагч зууны тавиад онд сумдад уг нь эмнэлэг, төрөх газрыг байгуулж эхэлсэн шиг байгаа юм. Гэхдээ хүмүүс сумын төвд очиж амаржих нь ховор, миний үеийнхэн голцуу л хөдөө, гэртээ төрсөн байдаг.
Ээж минь намайг ч гэсэн хөдөө төрүүлсэн юм билээ, 1951 онд Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг Замын толгой гэдэг газар, намаржаанд байхдаа. Үүрээр гарсан гэдэг, би. Манайх хүүхэд тогтдоггүй айл байж. Ганц ахыг маань ээж нагац болох хүндээ өргүүлсэн байдаг.
Тэгээд намайг дөнгөж төрүүт тэр үеийн ёс байсан юм байлгүй, ханын нүдээр гаргаад хажуу айлынхаа хүнд өгсөн гэж байгаа. Ханын нүдээр гаргаж өгсөн нь хүүхдээ тогтоох гэсэн дом л байсан биз ээ. Түмэн, Хувгана гэж эгч дүү хоёр манайхтай айл байж. Авсан ээж Түмэн нэг хүүтэй болохоор өөрийн дүү Хувганад намайг өгсөн гэдэг.
Ингэж би гэдэг хүн хоёр ээжийн гар дамжиж өссөн. Түмэн ээжээрээ овоглосон. Төрүүлсэн ээж минь намайг гурав дөрвөн настай байхад улаан бурхан өвчнөөр өөд болсон байдаг юм. Манай сумын олон хүн тэр өвчнөөр “явсан” гэдэг.
Тулганд л галлана
-Өргөж авсан Түмэн ээж, Соном аав хоёр өртөө тэмээ хариулахаар Булган сум руу шилжихэд би Хувгана ээж дээрээ үлдэж байгаа юм. Гэхдээ байсгээд Булган руу хүргэгдэнэ. Хоёр сумын хооронд нэг хэсэг явсан.
Манайх нэгдэл нийгмийн олон тэмээтэй. Амины хэдхэн нарийн малтай. Богтой гэсэн үг. Хөдөө, малчны хүүхэд яаж өсч өндийдөг билээ дээ. Би ч тэр жишгээр хөлд оруутаа л томчуудын гар хурууны үзүүрт гүйж тусад орж эхэлж байгаа юм. Түмэн ээжийн хүү Бантгар ах тэмээ хариулна.
Тэмээ урт хөлийн амьтан. Тийм болохоор нүүдэл их хийдэг сэн. Ноёны урд хоолой Сэврэйн урд хоолой хоёрын хооронд үргэлж нүүгээстэй. Амьдрал ч тийм сайнгүй, тарчигдуу. Майхан сав гэж байсангүй. Дөрвөн ханатай, үнхэлцэг шиг жаахан гэртэй. Зуухгүй, тулганд галаа түлдэг л цаг байв.
Хөдөлмөр өдрийн хөлсөнд зээрийн мах өгдөг сөн
-Нэгдэл хөл дээрээ бүрэн дүүрэн зогсч чадаагүй, юм юм л дутуу гуцуу байж. Манай сум “ЗИС-5” гэж ганц машинтай. Жолооч нь будилуу хүн байсан уу, ноос ачиж яваад замдаа гээчихэж, хойноос нь тэмээгээр явж ачиж аваачиж өглөө гэж ярьцгаадаг сан. Дараа нь харин хоёр, гурван машинтай болж дэвжсэн. Усжуулах, хашаа хороожуулах ажил ч их өрнөж, машин тэрэг мэр сэр явдаг болж байв.
Тэмээ малласны хөдөлмөр өдрийн хөлс гэж нэгдэл маань юу өгдөг байсан гэж санана. Харсүүлт зээрийн мах, гурил будаа, цай. Зээр ч элбэг байж. Намар орой анчдын бригад гарч олноор нь агнана. Түүнийгээ малчдадаа өгдөг байлаа шүү дээ. Сүүлдээ мөнгө өгдөг болсныг санадаг юм.
Бантгар ах малаа сайн малласан учир 1963 онд улсын аварга төлчин болж мандаад. Тэр үед тийм цол өгдөг байв. Таван ханатай нэг их том гэрээр шагнуулж байсан нь санаанаас гардаггүй. Ахуй амжиргаа арай гайгүй болж улсаас ч давгүй харж үздэг болсон шиг ээ.
Наранд цохиулсан болов уу
-Би 11 нас хүрч байж сургуульд суусан хүн. Бие жижиг давжаа болохоор “Манай муу энийг хүүхэд шоглоод байх биз” гэж сургууль завсардуулаад байхгүй юу. Хажуугаар нь хүн бүл муутай болохоор хөдөө байлгаж зарах гэдэг байсан биз.
Өргөж авсан аав минь лам байсан хүн. Монгол бичиг, төвд бичиг, кирилл бичиг гурвыг надад заахад би кириллийг нь сурсан байгаа юм. Нөгөө хоёрт нь паг. Тийм болохоор бусдыг бодвол үсгээ мэддэг, эрхбиш уншдаг болсон байсан. Бичихдээ мэдээж базаахгүй, тааруу.
Анх сургуульд ороход их хөгтэй. Муу ээж минь тэмээгээр сундалж авчраад, бодвол багш, энэ тэрд хүлээлгэж өгөөд буцаа байлгүй. Өглөө нь сургуулийн ёотон шиг жижигхэн цагаан байшингийн сүүдэрт цүнхээ дэрлээд хэвтэж байснаа л санадаг юм. Түүнээс хойш юу болсон юм, бүү мэд.
Нэг мэдэхнээ нь огт танихгүй газар, орон дээр хэвтэж байсан. Тэр нь эмнэлэг байж. Чухам ямар гээчийн өвчин хууч тусаад энд ирчихсэн нь тодорхойгүй. Эмч нар ч гавьтай юм хэлэхгүй. Юугаа ч хэлэхэв, надад. Наранд цохиулсан л бол уу. Тэгээд тэнд хэр ч удсан юм, хэд ч хоносон юм, гараад сургуульдаа орсон.
Миний анхны багш Бадраа. “Хөнхөр” Бадраа гэж сайхан хүн байв. Эмнэлгээс гараад хичээлдээ анх ороход цагаан толгойн эхний үсгүүдийг үзчихсэн, л, м үсгийг зааж байсныг сайн санадаг. Өдөрт үсгийг хоёр, гурваар нь хурдтай заадаг байж дээ.
Багш дэвтэр дээр үсэг бичиж өгөөд “Ямар үсэг вэ” гэж асуугаад хичээл эхэлж байсныг мартдаггүй.
Өглөө бүрээн дуунаар...
-Намайг сургуульд ордог жил манай сум долоон жилтэй байв. Зэргэлдээ Гурвантэс, Сэврэй сумын бага сургууль төгссөн хүүхдүүд тавдугаар ангиасаа манайд ирж сурна.
Би ч дотуур байранд суулаа. Манай сургууль нэг байшин, хэдэн гэртэй. Хойд талд нь нэг агуулах, теннис тоглодог өрөөтэй. Дотуур байр дөрвөн өрөөтэй. Хоёрт нь эмэгтэй, хоёрт нь эрэгтэй хүүхдүүд байрлана. Өөр сумаас, бас хөдөөнөөс ирсэн хүүхдүүд найм, наймуулаа байл уу даа, нэг өрөөнд сууна. Бас хоёр гэр байртай. Тэнд ахлах ангийнхан байсан байх. Ахлах ангийнхныг бага ангийнхантай хольж оруулна. Бодвол, багачуулыг харж ханд гэдэг байсан биз дээ.
Өглөө бүрээн дуунаар босч, нэгдлийн гуанз руу жагсаалаар явж очиж цай ууна. Зүсмэл талхтай. Талх нь томын дээр масло, халбага элсэн чихрийн хачиртай. Өдөр гурилтай хоол л “цохиод” байна. Орой юу ч иддэг байлаа. Ямартай ч өлсөж байснаа мэддэггүй.
Залаа толгой дээрээс гэрээ харуулдана
-Хүүхдүүд бүгд дээлтэй. Эмэгтэйчүүд ногоон дээл, ногоон бүс, эрэгтэйчүүд хөх дээл, шар бүстэй. Бөөрөн дээрээ таван хошуутай даавуун цүнхтэй. Хичээлдээ нэг их түүртэхгүй ч гэрээ их санана. Манайх сумын төвөөс зуугаад км зайтай.
Ноён хэдэн уулын дунд байдаг сум. Урд талын уулыг нь Залаа толгой гэнэ. Байсгээд Залаа толгой дээр гүйж гараад гэрээ харуулдана даа. Тэр хавьд л манайх байгаа даа гэж бодоо л. Манай нутаг баян бүрдтэй, загтай, сухайтай, элсэн манхадтай, ёстой л тэмээний жаргалын орон.
Сүүлдээ ч хүүхдүүдтэй танилцаад эрхлэх тоглох нь ихсээд овоо суурин иргэншсэн гэх үү дээ.
Багын би хөдөлгөөн багатай. Зодоон цохион хийж явсангүй. Хүн юм хэлвэл тэгсхийж дуугүй зогсч байгаад өнгөрөөнө. Дотуур байранд анхандаа ч “тоосоо гөвүүлдэг” л байсан. Гурван сумын хүүхдүүд үе үе талцаж зодолдоно. Нөгөө сумдаас бидний үеийнхэн ирэх биш. Дандаа л ахлах ангийнхан байх юм чинь. Зургаа, долдугаар ангийнхан чинь бараг арван долоо, найм, естэй, том том биетэй, сахал нь ургасан харцуул байсан санагдана.
Тэдний зодооныг бид жаахан зайтай хараа л зогсохоос хэтрэхгүй. Очвол сүйд болно биз дээ.
“Энэ хүүхнүүд үү”-гийн шинэ жил шиг...
-Хоёрдугаар ангид орохоор иртэл долоон жилийн сургууль маань татан буугдаад дөрвөн жилтэй болчихсон байв. Долоон жил нь Баяндалай сум руу шилжсэн дуулдана. Бага сургууль болсон болохоор хүүхэд цөөрөөд байр сав нь ч тохитой болоод ирж байгаа юм.
Манай Бадраа багш дайнд оролцож явсан, цэргээс ирээд багш, сургуулийн захирал болсон хүн юм билээ. Теннис сайн тоглоно. Сургуулийн нэг өрөөнд теннисний бандан байдаг нь багштай холбоотой болохыг яваандаа мэдэж байгаа юм. Шагай харвана, сайхан дуулна, шаггүй хөөрхөн барилдана. Сумын заан ч бил үү, цолтой. Юм юмтай, түүгээрээ хүүхдүүдэд үлгэрлэдэг сайхан хүн. Биднийг барилдуулна, уралдуулна. Теннис тоглуулна.
Теннисний бөмбөг ховор. Модон шатрын толгойг тасдаж аваад теннисний цохиураар хана руу цохиж их харилцдаг сан.
Гол баяр гэвэл “Энэ хүүхнүүд үү” кинон дээр гардаг шиг шинэ жил болно. Зээргэнэ түүж авчраад мод хийнэ. Тэгээд цаасан гинж хийгээд, модондоо хөвөнгөөр цас хийж чимэглээд гүйцээ. Мань мэтийн хэдэн хүүхдийг дуулуулаад, сумын клубын эрхлэгчийн баян хуурын аянд баахан бүжиглэнэ.
Бас багт наадам болно. Түүнтэй холбоотой нэг явдал санаанаас ер гардаггүй. Уртаа цаасан дурантай марзан нөхөр тайзан дээр гарч ирээд ийш тийш баахан дурандаад л. “Үгүй, тэр ... чинь хоёр эхнэртэй байх юм” гээ л. “Нэг эхнэр нь тэнд байна, нөгөө эхнэр нь энд байх юм” гээ л. Улс хөхрөлдөөд. Тийм хоёр эхнэртэй хүн байсан юм байлгүй. Шүүмжилж л олны тохуу болгон жигшүүлж байгаа нь тэр байж.
Бэлгийн боорцог үнэтэй хоол
-Уламжлалт цагаан сараа тэмдэглэнэ ээ, Малчдын баяр нэртэйгээр. Цагаан сараар сургууль амрахгүй. Тэгэхээр хүүхдүүд сумын төвийн айлуудыг хэсч бэлэг цуглуулна. Уут бариад нэг бүрчлэн хэснэ дээ. Манай сум цөөхөн хүн амтай болохоор айл ч цөөхөн. Өглөө гараад үд өнгөрөхөд л хэсэх айл дуусч байгаа юм. Бэлгийн боорцог, чихэр, ёотон дотуур байрны хүүхдэд үнэтэй хоол.
Чойнод гуайнх шиг санагдана, нэг цагаан сараар орсон хүүхэд болгонд нэг төгрөг бэлгэнд өгсөн нь жигтэйхэн дуулиан болсон юмдаг. Нэг төгрөг гэдэг тун их мөнгө.
Хэддүгээр анги төгсөхөд юм бэ дээ. Онц гарсан гээд би саван, гар нүүрийн алчуураар шагнуулсан минь санаанд тод үлдэж. Саван нь нэг их гоё үнэртэй. Амралтаараа ээждээ аваачиж өгөхөд их л баярлаж байж билээ.
Гуравдугаар ангид орох жилээсээ би бага сургууль төгстлөө дотуур байранд суугаагүй. Ананд гэж өвгөнийд байх болсон. Тэднийх амины хэдэн тэмээгээ манайд тавиад, оронд нь намайг төвд “малласан” хэрэг.
Бушуухан эхнэр аваад...
-Бага сургууль төгсөх боллоо. Манай ангийн хорин хэдэн хүүхдээс 11 нь тавдугаар ангидаа дэвшин суралцаж, бусад нь хөдөө гарч малчин болохоор болов. Би уг нь сурлагадаа гайгүй байсан ч хөдөө сайхан санагдаад, нударгатай дээл хөөргөж бүсэлсэн ах нар догшин тэмээ унаад жирийлгэж яваа нь гоё, сайхан харагдаад, “Эдэн шиг болох сон” гэсэн хорхой цээжинд асаад болох биш. Бушуухан шиг эхнэр аваад хөдөөний хүн болъё гэж яарсан ч биз.
“Сургууль соёлоор ч юугаа хийхэв, дөрөв төгсчихлөө, бичиг үсэгт тайлагдчихлаа, ерөөсөө л малчин болъё” гэж эргэлт буцалтгүй шийдлээ. Хөдөө гарах саналаа ч өглөө.
Гэтэл Бадраа захирал “Чи битгий ийм дэмий юм ярь. Ядахдаа долдугаар анги төгс. Тэгээд цэрэг цурагт явж ирээд малаа малладаг юм байгаа биз” гээд. Ингээд дунд сургуульд сурахаар, Баяндалай сум руу явахаар болов.
Тэгж байтал Намын дээд сургууль төгсөөд аймгийн намын байгууллагад ажиллахаар болсон ээжийн дүү хөдөө амрахаар ирдэг юм. Ээж хэлнэ биз дээ, дүүдээ. “Энэ хүүхэд тавд суух гэж байгаа. Баяндалай явна” гэж. Харин ах “Би дагуулаад явья. Аймгийн арван жилд суулгая” гэснээр намар нь аймаг руу шуудангийн машинд дайгдаад гарч өгсөн дөө.
Багын хоч “улаан”
-Ахынх дөрвөн хүүхэдтэй. Тэдэнтэй бужигнаад л явчихаж байгаа юм. Аймгийн сургуульд ирснийх тансар хилэн форм өмсч башийв. Цагаан захтай, ганган гэж ванлий. Харин сүрхий ч сайн сураагүй. Дуулж нэг хэсэг манаргав. Эх, байгаль дэлхийн тухай ганц хоёр дуу мэднэ. Түүнийгээ л үргэлж дуулна. Багш нар шинэ дуу зааж өгдөггүй байсан уу, би тийм идэвхигүй сурдаггүй байсан уу, бүү мэд.
Бас муугаа мэдэхгүй гүйнэ. Волейболын секцэнд явна. Бидний үеийнхний гол тоглоом лафта байсан. Багш сурагчгүй лафтадна шүү дээ. Нэг удаа ямар ч тэмцээн байсан юм бэ дээ, таван мянган метрийн гүйлтэд хоёрт орж байлаа. Миний үзүүлсэн дээд амжилт тэр. Кэт, энэ тэр байх биш, гуталтайгаа л харайлгана. Сүүлд нэг кэттэй болсон. Тухайн үеийн кэт бөх гэж лут.
Хүүхдүүд цөмөөрөө л хочтой байсан даа. Намайг “Улаан” л гэдэг байв. Улаан хацартай, дээр нь ичиж зовмоор юм болбол бүр ч улаан болоод явчихдаг болохоор л тэгж хочилсон биз.
“Үгүй, тэр тэгж байхдаа яахав дээ”
-Тавдугаар анги төгсдөг жилээс нийгмийн тустай хөдөлмөрт хамрагддаг болсон. Коммунист суботтник ид мандаж байсан үе л дээ. Зуны амралт эхлүүт аймгийн төвийн ойролцоох Далангийн голд очиж тоосго цохив. 300 тоосго цохих даалгавартай. Нэг хүүхэд тийм нормтой байл уу, нэг бригад тийм байл уу, мартаж. Хэдүүл хамжиж тоосгоо цохичихоод л гэрийн зүг “гэдэн годон” доо.
Сумын төвөөр сэлгүүцэхгүй. Шууд л хөдөө гэртээ харина. Ах хангал догшин тэмээ уналга эдэлгээнд сургана. Би тэднийг нэлээд номхорсон хойно унаж тэмээнд явна. Аль хөнгөн хөлтэйгээс нь барьж мордоно шүү дээ. Хаямал ингийг хээл нь томрохоос өмнө хэсэгхэн хугацаанд унана. Хурдан гэдэг нь сайхан.
Тэгж байтал социалист хөдөлмөрийн бригад гэгч зүйл гарч ирсэн. Ахлагч нь Түвдэн гэж өвгөн, хөгшин нь Галдан гуай. Галдан гуай бид хоёр тэмээ их хариулна. Гангар гунгар ярьсан шиг л явна даа. Тэрбээр өдөр болгон үлгэр ярьж өгнө. Яасан ч олон, яасан ч гоё үлгэр мэддэг юм гэмээр. Тэмээний бэлчээрт үлгэр их сонссон хүн дээ, би.
Бас Цэдэв гэж өвгөн байх. Анчин. Амьдралын их хар ухаантай. Тэмээнд хааяа хамт явахад ан яаж агнах, амьжиргаа яаж залгуулах тухай их хүүрнэнэ. Би ан авд нь тийм ч сонирхолтой биш болохоор тэр бүрийг болгоож байсангүй. Нутагт сайхан сайхан тулхтай хөгшчүүл олон байжээ.
Манай говьд бахархмаар нэг сайхан нь хулгай зэлгий гэж байхгүй. Нэг залуу хүний бүс авчихсан юм бол уу даа. “Үгүй, тэр тэгж байхдаа яахав дээ” гэж ирээд хотлоороо шуугиад, сүйд болж байсныг санадаг. Тэрхэнд тэгтлээ их жигшиж өөлж баалах жишээтэй.
Цэргийн “зарлан дуудах” аваад...
-Уран зохиол, нийгмийн ухааны чиглэлийн хичээлдээ илүү сонирхолтой байсан даа, би. Харин тооны талын хичээлд “улаан тэг” л гэсэн үг. Ахынх номын арвин сантай. Тухайн үед гарч байсан ном болгон л байсан байх. Түүнийг их уншина. Ц.Дамдинсүрэн гуайн, Э.Оюун гуайн зохиолын түүврийг уншаад бараг цээжилчихсэн.
“Би том болоод тийм, ийм мэргэжилтэй болно” гэж хүүхдүүд ярина. Миний хувьд наймдугаар анги төгсөх үеэс багш болчихвол... гэж санагддаг болж билээ. Гэтэл тэр зун надад цэргийн “зарлан дуудах” ирээд. “Явдаг баатар” болоод аймагт ирж комиссоор орлоо. Тэнцлээ. Юу юугүй цэрэгт мордохдоо тултал ах давхиж ирээд “Энэ чинь сургуулийн хүүхэд” гэж загнаж байгаад аваад үлдэж билээ.
Арав төгсөхөд нөгөө багшийн маань хуваарь ирсэнгүй. Харин Хуулийн сургуулийн хуваарь байна. Тоо, энэ тэрдээ тааруу хүн чинь үзээд алдахаар шийдэж конкурсдэв. Надтай хамт долоо, найман хүүхэд өрсөлд лүү дээ. Орос хэл, хэл бичиг, нийгмийн ухааны шалгалт өгөөд нөгөө хэдээсээ шалихгүй хоёр гурван онооны илүүтэйгээр хуваариа авсан.
Сургууль эхлэхээс өмнө, наймдугаар сарын дундуур ир гэсэн үүргийн дагуу хотыг зорилоо. Хуучнаар 50 дугаар дэлгүүрийн тэнд Улсын прокурорын газар байв. Тэнд очлоо. “Чи манай газрын нэр дээр Их сургуульд сурна. Төгсөөд манайд ажиллана” гэж байна. Тэгснээ нэг тийш нь баахан ном, бичиг цаас зөөлгөв. Тэр нь одоогийн Улсын ерөнхий прокурорын газрын байр байсан юм билээ. Шинэ ашиглалтад орсон байр руугаа нүүх ажилд дайчлагдсан нь тэр байж.
Ингэж л 1972 оны намар Их сургуулийн босгыг давж, хуульч болох зам мөрийг сонгосон хүн дээ, би...
Ц.ГАЛБАДРАХ
“Хуульч News” сэтгүүл. 2015 он, №06 (07)