ХӨВСГӨЛ АЙМАГТ ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХИ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

    Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.22) Хөвсгөл аймгийн Тариалан суманд боллоо. Хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар болон Тариалан, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Рашаант, Их-Уул, Тосонцэнгэл сумын иргэдийн төлөөллөл оролцов.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур Ерөнхийлөгчийн эрх үүргийг тодорхой болгох, улс төрөөс хараат бус мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилгоор төсөлд оруулсан нэмэлт, өөрчлөлт бүрийн онол, судалгаа, үндэслэл, олон улсын практик, ач холбогдлыг тайлбарлалаа.

Төслийн танилцуулгын дараа хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн зүгээс Засгийн газрын гишүүн-УИХ-ын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэхийг хязгаарлах, УИХ-ыг хяналтын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий төрийн хяналтын байгууллага байгуулах талаар нягтлах, Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх заалтуудын талаар тодруулан асууж байв. Асуулт, хариултын дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ танхимын гишүүдээ мэргэжлийн байх зарчимд нийцүүлэх талаар Үндсэн хуульд заах,  яамдын тоог тодорхой заахын зэрэгцээ соёл, эрүүл мэнд, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудыг үндсэн чиг үүргийн яам болгон тусгах, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцон, эгүүлэн татахтай холбоотой зохицуулалтыг тусгах, хууль тогтоох байгууллага-гүйцэтгэх засаглалыг тусгаарлах, УИХ-Засгийн газрын эрх мэдэл, хяналт тэнцлийг хангах чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах нь зүйтэй гэдэг саналуудыг иргэд гаргаж байв.

Хөвсгөл аймгийн Тариалан суманд болсон бүсчилсэн хэлэлцүүлэгт зүүн бүсийн иргэдийн  төлөөлөл 188 иргэн оролцож, 152 иргэн саналын хуудсаар дамжуулан Үндсэн хуулийн төсөлд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа ирүүлсэн.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Хөвсгөл аймаг дахь бүсчилсэн хэлэлцүүлэг энэ сарын 23-нд Цагаан-Уул суманд, 24-нд Мөрөн суманд тус тус болно. Хөвсгөл аймаг нийт 23 сум, нэг тосгон, 126 багтай бөгөөд олон нийтийн хэлэлцүүлгийн 2, 3 дугаар үе шат есдүгээр сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.  Эх сурвалж: www.parliament.mn