"ҮНДСЭН ХУУЛЬ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” ШИНЖЛЭХ УХААН-ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨӨ
Шинжлэх ухаан практикийн анхдугаар хэлэлцүүлэг “Үндсэн хууль: асуудал ба шийдэл” сэдвээр 2017 оны 9-р сарын 14 ний өдөр зохион байгуулж Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ, Засгийн газар, төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо ТББ, Өмгөөллийн "Монгол өмгөөлөгч" ХХН, Монголын Үндэсний олон нийтийн телевиз, ETV, Mass TV, C1 TV телевиз, сайтуудын холбоо зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Уг хэлэлцүүлэгт МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл “Монгол Улс амьд Үндсэн хуультай юу? сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ
Академич С.Нарангэрэл илтгэлийнхээ “ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ГЭЖ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ” гэсэн эхний хэсэгт ТӨРИЙН БАЙГУУЛАЛД оруулах гэж буй нэмэлт өөрчлөлтийг Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институц тус бүрээр тодорхой авч үзжээ. Дараа нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид оруулах гэж буй өөрчлөлтөд дүн жинжилгээ хийжээ. Шүүх эрх мэдлийн хүрээнд хийх гэж буй өөрчлөлтийг тусгайлан хөнджээ. Илтгэгч оруулах гэж буй нэмэлт өөрчлөлт тус бүрээс үүсэж болзошгүй сөрөг үр дагаврыг прогнозлохыг оролджээ. Тэрбээр илтгэлийнхээ энэ хэсгийг дүгнэхдээ “Үндсэн хуульд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлт нь улс орны цаашдын хөгжил, ард түмний сэтгэл тэнүүн амьдралд нааштай дэвшил авчрах магадлал тун хомс байна. Оруулах гэж буй нэмэлт өөрчлөлт үндсэндээ олон түмний дунд “дордохын долоо” нэршсэн 2000 (1999) онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт буруу байсныг хүлээн зөвшөөрч, түүнийг засамжлах, тэрчлэн олон нийтийг тайшруулахын тулд өнгө засах төдийхнөөр аргацаахад чиглэгджээ” гэсэн байна.
Академич С.Нарангэрэл илтгэлийнхээ “1992 ОНЫ ҮНДСЭН ХУУЛИЙН ЧАДАВХИ ХЭР ЗЭРЭГ БАЙНА ВЭ?” гэсэн хоёр дахь хэсэгт юуны өмнө 1992 оны Үндсэн хуулийг боловсруулан баталсан түүхэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн байна. Тэрбээр энэ талаар Нэгдүгээрт, Улс төрийн туйлын нэн хурцадмал байдалд явагдсан. Хоёрдугаарт, Шинэ Үндсэн хуулийг нэн даруй батлах явдлыг улс төрийн тэрхүү хурцадмал байдлыг намжаах, улс орныг хямралт байдлаас гаргах гол арга зам хэмээн үзсэн. Гуравдугаарт, Өмнө дурдсан хүчин зүйлүүдээс шалтгаалан Үндсэн хуулийн төслийг маш богино хугацаанд буюу ердөө хагас жилийн дотор боловсруулсан. Дөрөвдүгээрт, эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэсэгт хуваарилах тухай Монтеськогийн онолыг Үндсэн хуульдаа шууд хуулбарлан авсан. Тавдугаарт, хүний эрхийн талаар НҮБ-аас батлан гаргасан Хүний эрхийн Түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын баримт бичгийг тэр чигээр нь Үндсэн хуульдаа хуулбарлаж, тэдгээрийг монголын нийгмийн амьдралд хэрэглээд ирэхлээр чухам ямар сөрөг үр дагавар буй болгохыг урьдчилан тооцоолж чадаагүй, цаг хугацааны тийм боломж ч байсангүй. Зургадугаарт, АНУ зэрэг барууны улс орнуудын Үндсэн хуулийг жишиг болгосон. Долдугаарт, зах зээлийн эдийн засаг руу шилжсэн тохиолдолд улс орны эдийн засаг аяндаа өөрөө хөгжинө хэмээн урьдчилан тооцсон. Наймдугаарт, олон ургальч үзэл бодол, шашин, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хангачихвал олон түмний оюун санааны хөгжлийг хангаж чадна гэж бодсон. Есдүгээрт, Ардчилал гэгчийг л хөгжүүлбэл улс орон тууштай хөгжиж цэцэглэнэ хэмээн үзсэн. Тийм учраас эл Үндсэн хуулийн оршил хэсэгт “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно”, 1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Ардчилсан ёс ... төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж зарлан тунхагласан хэмээн тэмдэглэжээ.
Илтгэгч цааш нь 1992 оны Үндсэн хуульд дэвшүүлсэн дурдсан зорилт өнгөрсөн 25 жилийн хугацаанд яаж хэрэгжиж ирснийг ардчилал, иргэний ардчилсан болон хүмүүнлэг нийгэм хэрхэн хөгжиж ирсэн байдлыг шинжлэн судалжээ. Илтгэгч энэ хэсгээ “1992 оны Үндсэн хуульд дэвшүүлэн тавьсан “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго” монголын нийгэмд хөгжил дэвшил, ард түмэнд сэтгэл тэнүүн амьдрал авчирч чадсангүй. Хэрэв 1992 оны Үндсэн хуулийн дурдсан зорилгыг цаашид хэрэгжүүлсээр байхад хүрвэл удаах зуунд ч улс орон хөгжиж чадахгүй, Монгол улсад мөхлийн аюул нүүрлэсээр байх болно. Ингэхлээр 1992 оны Үндсэн хуулийн чадавхи үндсэндээ шавхагдсан байна” хэмээн дүгнэсэн байна.
Академич С.Нарангэрэл илтгэлийнхээ “АМЬД ҮНДСЭН ХУУЛЬТАЙ БОЛОХ АСУУДАЛ” хэмээсэн гурав дахь хэсэгт тухайн улс орон, ард түмний жинхэнэ амьд организм болсон Үндсэн хуулийг амьд Үндсэн хууль хэмээн үзнэ хэмээн онцлон тэмдэглэжээ. Тэрбээр үндэсний язгуур үзэл санаагүй улс үндэстнийг үгэн бөмбөгөөр үг сүггүй бөмбөгдөхөд л тэр дороо гараа өргөн бууж өгдөг гэж бичжээ. Монголчууд дэлхийд цуутай улс үндэстэн болж байсан нь Их эзэн Чингис хаан монгол төрийн үндэсний язгуур үзэл санааг буй болгосонд оршиж байжээ. Энэ нь шударга ёс, эр зориг, ичих эмээх сэтгэл буюу ичгүүр сонжуур, үүрэг ба хариуцлага, жудаг, нинжин сэтгэл, нэр төр, үнэн, итгэл, найрсаг зочломтгой зан, тэсвэр тэвчээр, өгөөмөр сэтгэл, үл шуналдах, урвашгүй сэтгэлийг мөнгө хөрөнгөнөөс, бүхнээс дээгүүр тавьж байсныг Үндсэн хуульдаа тусгавал Монгол улсын Үндсэн хууль амьд болно гэсэн санааг илтгэгч дэвшүүлэн тавьжээ. Илтгэгч монгол төрийн үндэсний язгуур үзэл санаанаас монгол улсын эдийн засаг, боловсрол, соёл, батлан хамгаалах, байгаль орчны хамгаалал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аж үйлдвэр, мал аж ахуй, дэд бүтэц, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бодлого, хотжилт, төрөлт, эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж зэрэг бусад олон асуудлын бодлого зөв зүйтэй тодорхойлогдох нөхцөл бүрэлдэнэ гэж үзжээ.
Улс үндэстнийхээ оршин буй заяамал нөхцөл байдалтай шүтэн барилдсан аж төрөх ёсны язгуур хэв маяг, түүнээс үүдэлтэй уламжлал, гайхамшигт өвөг дээдсийнхээ үлдээсэн оюун санааны агуу их өв, соёл, нийгмийн тогтолцоо, төрийн хэлбэр, хууль, сэтгэлгээний хэв маяг, хөгжлийн загвар, өөрийгөө хамгаалах чадавхийг Үндсэн хуульдаа суулгасан цагт жинхэнэ амьд Үндсэн хуультай болно. Эх орныхоо үүх түүхийг наад зах нь 1000 жилээс наашгүй хэмжээнд цогцоор нь харж сэтгэж байж монгол төрийнхөө язгуур үзэл суртлын уг үндсийг олж харах билгийн нүд нээгдэнэ.
Өчүүхэн богино хугацаанд улс гүрний хэмжээний томоохон ажлыг хэн ч, яагаад ч гүйцэтгэх боломжгүй. Эх орон, ард түмнийхээ төлөө агуу их үйлс бүтээхийн тулд төрийн эрх баригч өөрийгөө улс орон, ард түмнийхээ эзэн, эцэг хэмээн мэдрэх ёстой. Түүнд бүхэл бүтэн амьдралаа зориулсан ч цаг хугацаа багаддаг. Зөвхөн энэ л үр хүүхэд нь үр жимсийг нь идэх мод суулгахтай адил. Засгийн эрх мэдлийг тодорхой хугацаагаар хязгаарлах нь хоноцын сэтгэлгээг буй болгосон. Төрийн залгамж бодлого, мэргэжлийн боловсон хүчний тогтвор суурьшил алдагдаж, эрх мэдлээр дамжин мөнгө, эд хөрөнгө олох гэсэн хоноцын сэтгэлгээтэй хүмүүсээр дүүрсэн төр дампуурахаас өөр тавилангүй. Эдүгээгийн дөрвөн жилийн хугацаа, энэ хугацаан дотроо Засгийн газраа ойр ойрхон түлхэн унагаасаар байгаа нь Монгол улсыг мөхөөх зам руу өөрийн эрхгүй оруулна. Энэ нь сонгуулийн өмнөх болон дараахь хийрхлээр голоо зогоож, багагүй ашиг унагадаг зүсэн зүйлийн төрийн хоноцуудад л ашигтай. Тэд Монгол улсын цаашдын хувь заяаны тухай бодохгүй бөгөөд бодож ч чадахгүй. Тэгэхдээ энэ нь тэдний зориудын хорон санаа биш. Нөхцөл байдал ардчилал тэднийг ийм байдалд оруулчихжээ. Энэ учраас төрийн тогтвортой залгамж тогтолцоог Үндсэн хуульд суулгаж өгөх ёстой. Монгол төрийн хамгийн тохиромжит загварыг буй болгосон нөхцөлд Үндсэн хууль амьд болно. Гайхамшигт өвөг дээдэс маань төрийн ийм загварыг буй болгосныг илтгэгч онцлон тэмдэглэжээ.