МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛЛОО
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дээрх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ. Цэцийн дүгнэлтэд “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар Улсын Их Хуралд суудал авсан нам, эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх бөгөөд түүнийг томилох саналыг Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулах буюу уламжлах бүрэн эрхтэй байна. Гэтэл Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч бие даан өөр хүний нэр дэвшүүлэхээр томьёолж Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг хуульчилсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчиж байна” гэсэн байна.
Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн Хуулийн цэц