Монголын Хуульчдын холбооны гурав дахь ерөнхийлөгчөөр Ж.Хунан сонгогдлоо.
Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурал 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралд шүүгчдийн төлөөллөөс 107, прокурорын төлөөллөөс 107, өмгөөлөгчдийн төлөөллөөс 213, бусад хуульчдын төлөөллөөс 107 төлөөлөгч нийт 534 төлөөлөгч их хурлын төлөөлөгчөөр сонгогдсоноос 468 төлөөлөгч оролцсон байна.
Хуульчдын холбооны хурлыг нээж Ерөнхийлөгч Б.Гүнбилэг үг хэлсэн бөгөөд хурлын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон, Ерөнхий сайдын зөвлөх Б.Мөнхжин, Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн захирал Д.Батбилэг нар оролцлоо.
Их хурлаар Хуульчдын холбооны Зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаандаа хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллээ танилцуулсан байна. Мөн хурлаар Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэн, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар батлалаа.
Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид хуульч Пэлжидийн Амаржаргал, Пүрэвжавын Эрдэнэбат, Гомбосүрэнгийн Нацагдорж, Батсүхийн Баярсайхан, Дэлэгийн Түвшинтамир, Жаргалсайханы Хунан нар нэрээ дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Ингээд санал хураалтын дүнгээр нэр дэвшигч П.Амаржаргал 190, Ж.Хунан 176, П.Эрдэнэбат 56, Г.Нацагдорж 25, Д.Түвшинтамир 20 санал авч, нэр дэвшигчдийн хэн нь ч дийлэнх олонхын санал авч чадаагүй тул хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу П.Амаржаргал, Ж.Хунан нарын дунд дахин санал хураалт явуулсан. Санал хураалтад нийт 438 төлөөлөгч оролцсноос Ж.Хунан 223 санал (50.9%)-аар Хуульчдын холбооны гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.