БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРУУЛЖ ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болох холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуурыг сайжруулах, зээлийн төвлөрлийг шинэчлэн тодорхойлж банкны эрсдлийг бууруулах, банкинд авах албадлагын арга хэмжээг зөвхөн зөрчил гарсны дараа бус, зөрчил үүсч болзошгүй эрсдлийн түвшинд хүрсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх байдлаар хэрэгжүүлж, банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн үндэслэлийг шинээр хуульчлах, албадлагын арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлэх, албадлагын арга хэмжээг банкны хяналт шалгалтаар тогтоосон дутагдал, эрсдлийн түвшинд үндэслэдэг байх зэрэг агуулгаар хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдснаар эсрдэл даах чадвартай, санхүүгийн хувьд бэхжсэн банкны тогтолцоо бүрдэж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах суурь нөхцөл бий болно гэж төсөл санаачлагч үзжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрхи хуулийн төслийн үзэл баримтлал болох холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцуулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.