ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/НЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР БОЛОВ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2017.11.29-ний хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлээр холбогдох зохицуулалтыг хуульчлахаар тусгажээ.
Нэгдүгээрт, Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг дунд хугацаагаар батлуулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, банкинд тавих төв банкны хяналт шалгалттай холбоотой асуудлыг банкны хянаалт шалгалтын мэргэшсэн бүтэц бүхий хороо олонхийн саналаар шийдвэрлэх;
Хоёрдугаарт, Төв банкны үйл ажиллагаанд төдийлөн хамаарахгүй төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хориглох;
Гуравдугаарт, Монголбанкны удирдах албан тушаалтанд тавигдах шаардлага, шалгуурыгнэмэгдүүлэх,  хараат бусаар ажиллах эрх зүйн үндсийг бэхжүүлэх;
Дөрөвдүгээрт, Улсын Их Хурлаас тодорхойлж, Монголбанкнаас хэрэгжүүлж ирсэн мөнгөний бодлогын зорилтыг үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах гэж тодорхойлж, үйл ажиллагааны чиглэл, мөнгөний бодлогын хэрэгсэлийг нэмэгдүүлэх зэрэг болно.
Хуулийн төсөл батлагдсанаар Монголбанкны бие даасан, хараат бус байдал, сайжирч, мөнгөний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх үйл ажиллагааны оновчтой зохицуулалт бий болж, эдийн засгийн макро түвшинд  үнийн болон санхүүгийн тогтвортой байдал хангагдаж, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжинэ гэж үзсэн байна.
Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжиж, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахлан ажиллахаар боллоо.