АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБОГДСОН ХАРИЛЦААНД ХАМААРАХ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТҮҮД
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-д “хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого”-ыг эрх борлуулсны орлогод хамаарахаар заасан байна.
Тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д “Энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцаанд ногдох хэмжээгээр тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж заасан ба тус орлогод албан татвар ногдуулах аргачлал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Энэхүү харилцаатай холбоотойгоор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт орсон бөгөөд түүнд зааснаар Хуулийн этгээдийн хувийн хэрэгт “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаархи мэдээлэл”-ийг тусгахаар зохицуулсан.
Мөн хуулийн этгээд шинээр байгуулах тохиолдолд бүрдүүлэх материалд “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд эцсийн эзэмшигч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаархи мэдээлэл” –ийг мөн тусгах юм.
Татварын ерөнхий хуулийн 711 дүгээр зүйлийн 711.10-д “Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон, шилжүүлснийг бүртгэсэн талаархи мэдээллээ татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад сар бүр хүргүүлнэ” гэсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгосон зохицуулалтыг оруулжээ.
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь эцсийн эзэмшигчийн мэдээллээ 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, харьяа татварын албанд нөхөн бүртгүүлнэ.
Татварын ерөнхий хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Хуулийн этгээдийн улсын бүртгэл, эцсийн эзэмшигчийн бүртгэлийн өөрчлөлтийн мэдээллийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад сар бүр хүргүүлнэ.