БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛЬ
Энэ хуулиар биеийн тамир, спортын салбарын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрх зүйн үндсийг тодорхойлж, биеийн тамир, спортыг хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулжээ.
Энэхүү шинэчилсэн найруулгаар зохицуулсан онцлог зохицуулалтаас дурдвал, амралтын газар, хүүхдийн зуслан нь амрагчдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын үйл ажиллагаа явуулах орчин бүрдүүлэхээр байна.
Мөн тамирчин Олон улсын допингийн эсрэг агентлагаас баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэхийг хориглосны сацуу дасгалжуулагч, багийн эмч нь тамирчинд допинг хэрэглүүлэхийг хоригложээ.
Мөн аж ахуйн нэгж, байгууллагын спортын заал, талбай түүний дэд бүтцийг барих, спортын хэрэглэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд төрөөс татварын дэмжлэг үзүүлж болохоор хуульчилсан байна.
Үүнээс гадна, биеийн тамир, спортын үйл ажиллагаатай холбоотой байгуулсан гэрээнд талууд маргааныг арбитраар шийдүүлэхээр харилцан тохиролцсон, шүүхийн харьяаллын бус бусад спортын үйл ажиллагаатай холбоотой маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлж болохоор зохицуулсан.
Биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтэд бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана.
Эл хуулийг зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Харин хуулийг зөрчсөн гэм буруутай хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.