ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХТЭЙ ХОЛБОГДСОН ХАРИЛЦААНД ХАМААРАХ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТҮҮД

Татварын ерөнхий хууль, Газрын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор газрын эзэмших, ашиглах эрхтэй холбоотой харилцаанд дараах өөрчлөлтүүд орсон байна.

Нэг. Аж ахуйн нэгж /хуулийн этгээд/-ийн тухайд:

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д хуульд тусгайлан заасан газарт газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр заасан.

Газрын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн дараах зориулалтаар олгохоор зохицуулжээ.

1/ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар;

2/  гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж;

3/ хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр.

Мөн тус хуульд орсон томоохон өөрчлөлт нь газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэхтэй холбогдсон харилцаа байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-д зааснаар хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлогыг Эрх борлуулсны орлогод хамааруулахаар зохицуулсан байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлогод үйл ажиллагааны орлого хамаарах бөгөөд тус хуулийн 8.1.2-д зааснаар эрх борлуулсаны орлого нь үйл ажиллагааны орлогод хамаарахаар зохицуулсан.

Үүнээс үзвэл газар эзэмших, ашиглах эрхийг бусдад шилжүүлж буй тохиолдолд эрх борлуулсаны орлогын албан татварыг аж ахуйн нэгж /хуулийн этгээд/ төлөхөөр зохицуулсан гэж үзэхээр байна.

Газар эзэмших, ашиглах эрх борлуулсаны орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн хувьцаанд газрын эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдох орлогыг тодорхойлохоор заажээ.

Энэхүү орлогыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үнийг үндэслэн тодорхойлох ба үүнд зааснаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно гэж заажээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7-д зааснаар эрх борлуулсны орлогод 30 хувиар тооцон татвар ногдуулахаар байна.

Түүнчлэн татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталхаар зохицуулсан байна.

Ийнхүү газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэхэд албан татвар төлөхтэй холбоотойгоор Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасан газар эзэмших эрх шилжүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтад 38.2.3-д “албан татвар, хураамж төлсөн тухай баримт” 38.2.4-д “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт”-ыг тус тус нэмсэн байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан бөгөөд “газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилжээ.

Хоёр. Хувь хүний тухайд:

Хувь хүний тухайд 8 дугаар зүйлийн 8.1.3 “хөрөнгө борлуулсаны орлого”, 8.1.10 “бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлого” гэсэн хоёр төрлийн татварыг албан татвар ногдох орлогод хамааруулахаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт орсон байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хөрөнгө борлуулсаны орлогод “газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлого” хамаарах ба “Борлуулалт” гэдэгт тухайн газар эзэмших, ашиглах эрхийг өөр төрлийн хөрөнгө, үйл ажиллагаагаар харилцан солилцохыг мөн ойлгоно гэж заажээ.

Тус хуулинд албан татвараас чөлөөлөх үндэслэлд “Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүн хоорондоо газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлого”-ыг хамааруулсан байна.

Хөрөнгө борлуулсаны орлого буюу Газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлогыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үнийн шаардлагыг үндэслэн тодорхойлох ба үүнд зааснаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно.

Бусад орлого буюу бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлогыг Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу шууд бус аргаар тодорхойлсон дүнгээр тооцно.

Эдгээр албан татвар тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар хувь, хэмжээг тооцохоор хуульчилжээ. Албан татварыг тухайн газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан бөгөөд “газар эзэмших эрхтэй этгээд нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.

Гурав. Бусад зохицуулалт:

Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар татвар төлөх, татвар суутгах үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэхээр зохицуулсан.

Тус бүртгэлийн дагуу “газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээд болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчийн мэдээлэл”-ийг татвар төлөгч, татвар суутгагч бүрийн тусгайлсан регистрийн дугаар бүхий хувийн хэрэгт бүртгэн, хадгалхаар зохицуулсан байна.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д татвар төлөгчийн үүргийг хуульчилсан ба үүнд дараахь нэмэлт, өөрчлөлтийг оруулжээ.

а/ Татварын ерөнхий хуулийн 18.1.4-д “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” гэснийг “газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээд болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчийн талаархи мэдээлэл, түүний өөрчлөлтийн тухай мэдээллийг шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор харьяа татварын албанд бүртгүүлэх” гэж өөрчлөн найруулсан байна.

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй хуулийн этгээд нь эцсийн эзэмшигчийн мэдээллээ 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор харьяа татварын албанд нөхөн бүртгүүлэх ёстой байна.

Хуульд заасан эцсийн эзэмшигч гэсэн нэр томъёог Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд тусгасан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “эцсийн эзэмшигчгэж өөрийн эзэмшиж буй хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн үндсэн дээр хуулийн этгээдийн хяналт, удирдлага, хөрөнгийг шууд, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоогоор төлөөлүүлэн удирдан чиглүүлж буй дараахь этгээдийг:

      3.1.11.а.хуулийн этгээдийн хамгийн их саналын эрхийг эзэмшдэг;

      3.1.11.б.хуулийн этгээдийн хувьцааны тоо, эсхүл зах зээлийн нийт үнэлгээний хамгийн ихийг эзэмшдэг;

      3.1.11.в.адилтгах бусад гэж тодорхойлсон.