МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус хуулиар нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан. Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос 2017 оныг дуустал хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэн хамаарна.

Тухайн иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь тухайн үеийн Засгийн газар болон эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байх юм.

Иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхдөө дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

-          Иргэний үнэмлэхний хуулбар;

-          малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тухай түүний оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;

-          иргэн малчин бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол Хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт;

-          иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь.

Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах нийгмийн даатгалын байгуулагад гаргана. Тус үйл ажиллагааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.

Түүнчлэн тухайн иргэний Ерөнхий боловсролын сургууль, их сургууль, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа, мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчээс өөр ажил эрхэлсэн хугацаа нь тэтгэврийн даатгалын нөхөн төлүүлэх хугацаанд хамаарахгүй болно.