“ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ОНОЛ-ПРАКТИКИЙН АСУУДЛУУД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдвээр өнөөдөр 2017 оны 12-р сарын 18-ны өдөр Төрийн ордонд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хурлаар эхлээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, уг төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн талаарх Улсын Их Хурлын Ажлын хэсгийн мэдээллийг сонсох юм.
Энэ чиглэлээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “Улсын Их Хурлын Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал” сэдвээр танилцуулга хийх бол Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Улсын Их Хурлын Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн байдал, олон нийтийн санаа бодол” сэдвээр мэдээлэл хийх юм.
Бүтэн өдөр үргэлжлэх энэхүү эрдэм шинжилгээний хурлаар “1992 оны Үндсэн хууль ба түүний хэрэгжилтээс үүдэн гарч буй үр дагавар”, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол, арга зүйн асуудлууд”, “Үндсэн хуулийн шинэчлэлийн зарим асуудлууд”, “Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт ба эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах асуудлууд”, “Үндсэн хууль дахь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага ба төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох асуудал” гэсэн таван багц сэдвийн хүрээнд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ж.Амарсанаа, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа нарын зэрэг нэрт эрдэмтэд, Ц.Сүхбаатар, Т.Доржханд, Б.Гүнбилэг, Б.Мандахбилэг, О.Мөнхсайхан, Д.Гангабаатар нарын эрдэмтэн судлаачид хавсралт илтгэлүүд тавьж хэлэлцүүлэх юм.
Мөн Үндсэн хуулийн түгээмэл болон үндэсний онцлогууд, Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголууд, Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлуудаар улс төрийн зарим намын төлөөлөл болон судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэхээр хөтөлбөрт тусгагджээ.